Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУвс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1/3
Нийгэм

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэвшилтэт шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэвшилтэт шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэвшилтэт шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Зам тээврийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Солонгосын Тээврийн хүрээлэн (KOTI) болон Хөдөлгөөний аюулгүй байдлын корпораци (KoROAD) хамтран “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” томоохон төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Монгол Улсын автотээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн шинэ системийг боловсруулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна.

Өнөөдөр төслийн нэг чухал хэсэг болох Автотээврийн хэрэгслийн дэвшилтэт техникийн хяналтын үзлэгийн шугамыг Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвд нээж байна.

Тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр олон автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, хорт утааны ялгарлыг хамгийн сүүлийн үеийн дижитал технологиор хурдан шуурхай тодорхойлох боломж бүрдлээ.

864661019_1155375540389172_1477293594372395046_n

Энэхүү шинэчлэлийн үр дүнд үзлэгийн чанар сайжирч, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх нөхцөл бүрдэж байна.

Нийт 13 сая ам.долларын өртөгтэй тус төсөл нь 2027 он хүртэл үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн дараах үндсэн 5 чиглэлийг хамарч байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох стратеги, зөвлөмжийг боловсруулна.

Техникийн хяналтын үзлэг, бүртгэл хариуцсан мэдээллийн дэд бүтцийг сайжруулж, тээврийн хэрэгслийн удирдлагын ухаалаг системийг бий болгоно.

Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн барилга байгууламж, орчин нөхцөлийг олон улсын стандартын дагуу сайжруулна.

Машин механизмын бүрэн бүтэн байдал, утаа, тормоз зэргийг хамгийн өндөр нарийвчлалтайгаар шалгах орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлнэ.

Салбарын инженер, техникийн ажилчид болон албан хаагчдыг БНСУ-ын туршлагаар мэргэшүүлэх, урт болон богино хугацааны сургалтуудад хамруулна.

Төсөл хэрэгжсэнээр нийслэл болон орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал дээшилж, ашиглалтаас үүдэлтэй зам тээврийн осол эрс багасах юм.

Түүнчлэн насжилт өндөртэй автомашинуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, агаарын бохирдол буурснаар иргэд эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах