Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна
Мэдээллийн алба

Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон эдгээр хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх хуулиудыг 2027 оноос хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд дээрх хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, зохион байгуулалтын арга хэмжээ, нийгмийн даатгалын мэдээллийн системийн бэлтгэл болон хэрэгжилтийг хангах бусад асуудлаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Тухайлбал:
Анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх;
Ажил олгогчийн шимтгэл төлөх цалингийн дээд хязгаарыг тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах;
Шинээр бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх;
Оюутан, суралцагчид болон тэднийг ажиллуулж байгаа ажил олгогчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх;
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлүүлэх;
Даатгуулагч сайн дурын үндсэн дээр тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх;
55/60 насанд хүрсэн тэтгэвэр авагчид шимтгэл төлсөн хугацаа болон авч буй тэтгэврийн хэмжээнээс хамаарсан суурь тэтгэвэр олгох зэрэг зохицуулалтыг тусгасан.



















