Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх нэгдсэн стандарт зохицуулалт шаардлагатай байна

НИ
НИТХ-ХМОНХА

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх нэгдсэн стандарт зохицуулалт шаардлагатай байна
Тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх нэгдсэн стандарт зохицуулалт шаардлагатай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжлийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны үйл ажиллагаа, газрын зөрчил, маргааны шийдвэрлэлт болон 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн талаар танилцуулга мэдээллийг сонслоо.

НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармаа хайрга, дайрга олборлолттой холбоотой асуудалд анхаарч, олборлосон талбайг нөхөн сэргээх ажлыг хариуцлагатай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Түүнчлэн хашаа, хайс нь хог тээврийн болон түргэн тусламжийн автомашин нэвтрэхэд хүндрэл учруулж, ялангуяа өвлийн улиралд бэрхшээл үүсгэж байгаад анхаарахыг хүслээ.

Төлөөлөгч Э.Одонтуяа нийтийн зорчих хөдөлгөөнд хаалт хийж, төлбөр авч байгаа асуудал хуульд нийцэж байгаа эсэх, ийм зохицуулалтыг нийслэл эсвэл газар зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаас шийдвэрлэдэг эсэхийг тодруулав.

Мөн хаалт хийж, иргэдээс төлбөр авч байгаа байгууллагын тоо, хайрга, дайрга олборлосон газрын нөхөн сэргээлтийн талаар тодорхой мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллэх шаардлагатайг онцлов. Энэ талаар холбогдох байгууллагаас хашаа, хаалтыг буулгах нь нийтийн аюулгүй байдал, зорчих хөдөлгөөний хүртээмжийг хангах ач холбогдолтой ч орон сууцны орчны газар, нийтийн эзэмшлийн талбай, авто замын зурвас зэрэг тухайн газрын эрх зүйн байдлыг тодорхойлох тухайд тайлбарлав. Мөн хаалттай холбоотой асуудал нь нэг талаас оршин суугчдын эрүүл, аюулгүй орчныг хангах, нөгөө талаас иргэдийн зорчих хөдөлгөөн, түргэн тусламж, гал унтраах зэрэг тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой тул хотын хэмжээнд нэгдсэн стандарт, зохицуулалт шаардлагатайг мэдээллээ.

Хуралдааны үеэр иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 30 гаруй хувь нь орон сууцны хотхон дахь хашаа, хаалттай холбоотой талаар дурдав. Иймд хаалт бүрийг тусад нь шийдвэрлэхээс гадна хотын хэмжээнд мөрдөх стандарт, шалгуур, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, уялдааг тодорхой болгох шаардлагатайг төлөөлөгчид хэллээ. Нийслэлийн зүгээс үндэслэлгүй, хууль бус хаалтыг байхгүй болгох чиглэл баримталж байгаа ч оршин суугчдын аюулгүй байдал болон иргэдийн зорчих хөдөлгөөнийг хамтад нь харгалзан зохицуулах шаардлагатайг холбогдох албаныхан онцоллоо.

Хуваалцах