Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Улс төр

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театр болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлч, инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай уулзав.

903232054_1130181016556923_4317215744783022588_n-1024x683

Тэрбээр, улс орны оюун санааны тусгаар тогтнолыг бататган хамгаалж, эх хэл, их түүх, эртний соёлоо түгээн дэлгэрүүлж ирсэн үе үеийн хамт олонд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэв.

Монголчуудын үнэт зүйл, давтагдашгүй өв соёлыг урлагийн хэлээр түгээн дэлгэрүүлж, дэлхийн соёлын охь шимийг дээжлэн толилуулж байгаад нь ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Соёл, урлагийн салбарынхан нийгмийг соён гэгээрүүлэгчид бөгөөд үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх,  ирээдүй хойч үеэ эх орноороо бахархаж, өв соёлоо дээдэлсэн иргэд болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай гэж үздэгээ онцлов.

901472264_3427974944040758_633674081127703954_n-1024x683

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний соёл, урлаг тэр дундаа театрын урлагт онцгой анхаарч, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, Ерөнхий сайд байхдаа Соёлын яамыг сэргээн байгуулснаар соёлын салбар төрийн бодлогод орсон, давсан орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон зэргийг Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар тодотголоо.

Театрын хамт олон 2031 оныг хүртэл “Шинэ замд хамтдаа” уриан дор Үндэсний театрын сургалт, судалгаа, зохиолын төв болж, театрын урлагийн байгууллагуудын үндэсний нэгдэл үүсгэх, олон улсын нэр хүнд бүхий театрын наадамд хоёр жил тутам оролцдог байх зорилго тавьжээ.

Энэ хүрээнд “Үндэсний жүжгийн сэргэлт болон хөгжлийн жил”, “Сэдэвчилсэн жүжгийн жил”, “Өрно болон дорно дахины жүжгийн жил”, “Уран сэтгэмжит жүжгийн жил”-ийн төлөвлөгөө гарган ажиллах юм.

900028439_1751654392607523_4105275026293799873_n-1024x683

Театрын хамт олон 95 жилийн хугацаанд үндэсний түүхэн, орчин үеийн,  туульсын, хүүхдийн болон дэлхийн орчин үеийн, сонгодог 400 гаруй жүжгийг үзэгчдэд толилуулсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх товчоо 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театрын суурин дээр Улсын төв театр байгуулах тогтоол гаргаснаар Монголын анхны мэргэжлийн театр үүссэн гэж үздэг.

Төв театр С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийж байсан түүхтэй.

Монголын театрын урлаг нь Их Монгол Улсын үеэс түгэн дэлгэрч, 200 орчим жилийн тэртээ ноён хутагт Данзанравжаа “Намтар дуулах дацан” хэмээх сонгодог бүтэцтэй театр байгуулж, “Саран хөхөөний намтар” болон “Эзэн Чингис”, “Мандухай хатан” зэрэг жүжиг толилуулж байжээ.

899666410_2231710244416808_3348307053185889991_n-1024x683
901275625_1655507659376704_5214177068019423923_n-1024x683
899482793_2398792297557859_5188701223310289282_n-1024x683
Хуваалцах