Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.
Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.
Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.
Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.
Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.


















