Монгол хонины ноосон ширмэл дотортой куртка, ажлын хувцас үйлдвэрлэж эхэллээ
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Дархан Нэхий” ХК-д ажиллаж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүнтэй танилцлаа.

1972 онд байгуулагдсанаас хойш 54 дэх жилдээ тасралтгүй ажиллаж буй “Дархан Нэхий” ХК нь Монгол Улсын арьс шир боловсруулах салбарын ууган, тэргүүлэх үйлдвэрийн нэг бөгөөд 350 гаруй ажилтантай, жилд 300,000 ширхэг бодын шир, 1.5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна.

Тус компани "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд өөрийн боловсруулсан арьсны тайрсан ноосоор шахмал /техникийн/ эсгий, ширмэл ноосон дотор үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд байна.

Үндсэн үйлдвэрлэлээс гарах хаягдал хоёрдогч түүхий эд болж, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байна.

80 хувийн ноостой дотор нь импортын 20 хувийн ноостой бүтээгдэхүүнийг орлож байна
Жилийн бүх улиралд тасралтгүй ажиллах боломжтой, эрчим хүчний 20 хувийн хэмнэлттэй, шинэ ажлын байр нэмэгдэж байна.


















