Хотын дарга Б.Пүрэвдагва Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нийслэлийн хэмжээнд томуугийн бэлэн байдал, хариу арга хэмжээ болон дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн тус төвийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл хангалт, томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээний бэлэн байдал, үндсэн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллах үеэрээ эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг бүрдүүлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө.
Мөн хүчилтөрөгчийн үйлдвэр барих газрыг чөлөөлөх, цахилгаан дамжуулах, хуваарилах дэд станцыг шилжүүлэх зардал, эрчимт эмчилгээний тасгийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн зардал, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн зардал, яаралтай тусламж, диализийн 1 аппаратаар хангах хөрөнгө оруулалтыг газар дээр нь шийдвэрлэлээ.



















