Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээ НҮБ-ын байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Яап Ван Хиерден, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин зохицуулагч хатагтай Чинюнь Дяо, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар оролцож үг хэлэв.

Сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ энэ жил Дэлхийн хүнсний өдрийг “Өнөөдөр шинийг санаачилж, Маргаашийг тэтгэе” уриан дор тэмдэглэж байгаа нь өнөөдөр бидний гаргаж буй шийдвэр, хийж буй шинэчлэл, нэвтрүүлж буй инновац бүхэн маргаашийн хүнсний баталгаат байдалтай салшгүй холбоотойг онцолж, шинжлэх ухаан, технологи, өгөгдөлд суурилсан шийдлийг уламжлалт мэдлэг, байгальд түшиглэсэн арга ухаантай хослуулж, илүү үр ашигтай, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой хүнсний тогтолцоог бүрдүүлэх нь бидний нийтлэг зорилт болж байна гэлээ. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын зорилт нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шим тэжээл, илүү сайн байгаль орчин, илүү сайн амьдрал” гэсэн Дөрвөн сайжруулалтын зорилготой бүрэн нийцэж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын хувьд хүнсний хангамж, аюулгүй байдлаа бэхжүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулах, экспортыг өсгөх, малчин, тариаланч, үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ мөн дурдав. Мөн тэрбээр Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд тууштай хувь нэмэр оруулж ирсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, түүний Монгол Улс дахь хамт олон, нийт хөгжлийн түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

2026 он Монгол Улсын хувьд бэлчээрийн экосистем, нүүдлийн мал аж ахуй, малчдын амьжиргааг дэлхийн анхаарлын төвд авчирсан онцгой жил болж, Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон албан ёсоор зарласан. Энэ хүрээнд Монгол Улсад Дэлхийн малчдын уулзалт, чуулганыг амжилттай зохион байгуулж, олон орны малчид, бодлого боловсруулагчид, судлаачид, хөгжлийн түншүүдийг нэг дор цуглуулсан. Мөн энэ жил Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдсан.

Эдгээр олон улсын хурал, чуулганаас дэвшүүлсэн амлалт, тодорхойлсон шийдлүүдээ бодит бодлого, хөрөнгө оруулалт, үр дүн болгон хэрэгжүүлэх нь чухал бөгөөд эдгээр ажлын суурь нь Монгол Улс болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын олон жилийн харилцан итгэлцэл, үр дүнд чиглэсэн түншлэл гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ онцоллоо.

Хуваалцах