H.pylori-ийн халдварыг эрт илрүүлж, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, НҮБ-ын Хүүхдийн Сан болон мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран “Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” сэдэвт олон улсын симпозиумыг зохион байгууллаа.
Симпозиумд нийслэл, орон нутгийн 36 эрүүл мэндийн байгууллагын 98 эмч, мэргэжилтэн, судлаач оролцож, H. pylori-ийн халдварыг эрт илрүүлэх, эмчлэх, антибиотикт тэсвэржилтийг бууруулах, хүүхэд болон өрхийн халдвар дамжилтыг судлах, ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх асуудлыг олон улсын болон үндэсний судалгаа, эмнэлзүйн туршлагад тулгуурлан хэлэлцэв.
Япон Улсын Оита их сургуулийн профессор Yoshio Yamaoka, ДЭМБ-ын Олон улсын хавдар судлалын агентлагийн (IARC) судлаач Jin Young Park болон Монголын эмч, судлаачид H. pylori-ийн халдвар, оношилгоо, эмчилгээ, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл танилцууллаа.
Симпозиумын үр дүнд H.pylori-ийн халдварыг эрт илрүүлж, эмчлэх пилот хөтөлбөр хэрэгжүүлэх, халдварын хяналтыг ходоодны хорт хавдрын эрт илрүүлэгтэй уялдуулах, антибиотикт тэсвэржилтийн оношилгоог сайжруулах, үндэсний мэдээллийн санг хөгжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.


















