2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
Мэдээллийн алба

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас агаарын чанар, ус, хаягдал ус, хог хаягдал, хөрсний бохирдол, химийн болон аюултай бодис, ой, байгалийн ургамал, ан амьтан, газрын хэвлий, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт зэрэг үндсэн чиглэлээр байгаль орчны хяналт шалгалтыг зохион байгуулдаг.
Эхний хагас жилийн байдлаар нийт 4,189 объектыг хяналт шалгалтад хамруулсан байна.
Үүнээс 325 нь төлөвлөгөөт, 959 нь төлөвлөгөөт бус, 2,800 нь урьдчилан сэргийлэх, 105 нь өмнө өгсөн үүрэг, шаардлагын биелэлтийг шалгах хяналт байв. Нийт шалгалтад хамрагдсан объектын тоо өмнөх оны мөн үеэс 20 хувиар нэмэгдсэн дүн гарсан. Мөн байгаль орчны зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 86 удаагийн цахим болон танхимын сургалт зохион байгуулж, 2,901 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулжээ.
Олон нийтэд байгаль орчны хяналт, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг тогтмол хүргэж байгаа бөгөөд нийт 302 удаагийн мэдээ, мэдээлэл түгээсэн байна.
Хяналт шалгалтыг өмнөх хяналтын үр дүн, байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэл, зөрчлийн давтамж, зөрчлөө арилгасан байдалд үндэслэн зохион байгуулдаг. Зөвхөн зөрчил илрүүлж, хариуцлага тооцохыг урьтал болголгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөгөө мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх чиглэлийг голчилж байна.




















