Жирэмслэлтэд зөв бэлтгэх нь дутуу төрөлтийн эрсдэлийг бууруулна
Мэдээллийн алба

Жил бүрийн 11 дүгээр сарыг дэлхий нийтээрээ Дутуу төрөлтийг таниулах сар болгон тэмдэглэдэг. 2026 онд “Жижиг нярай ч том боломж” уриан дор тэмдэглэж байна.
Дутуу төрөлтөөс сэргийлэх олон улсын чиг хандлага өөрчлөгдөж, зөвхөн жирэмсэн үеийн хяналт, эмчилгээнд бус, жирэмслэхээс өмнө эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж бууруулахад анхаарах болсон.
Дутуу төрөлтийн эрсдэлийг бууруулахын тулд ирээдүйн эхчүүд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх нь чухал.
Өмнөх жирэмслэлтийн түүхээ анхаарах: Өмнө нь дутуу төрсөн, зулбасан бол мэргэжлийн эмчид хандаж, жирэмслэхээс өмнө зөвлөгөө авах. Жирэмсэн болсон тохиолдолд эрт хяналтад орох.
Жирэмслэлтээ төлөвлөх: Гэр бүл төлөвлөлтийн арга хэрэглэж, жирэмслэлт хоорондын зайг зохистой барих.
Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах: Илүүдэл жин, таргалалт болон хэт туранхай байх нь дутуу төрөлтийн эрсдэлтэй холбоотой.
Халдвараас сэргийлэх: Амны хөндийн үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлж, эмчлүүлэх.
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх: Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах, стресс, ажлын хэт ачааллыг бууруулах, хорт зуршлаас татгалзах, төмөр дутагдлын цус багадалтыг эрт илрүүлж, эмчлүүлэх.
Жирэмслэлтэд зөв бэлтгэж, эрсдэлт хүчин зүйлсийг эрт бууруулах нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.
ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасаг 1999 оноос улсын хэмжээнд жирэмсний 32 долоо хоногоос өмнөх дутуу төрөлтийн тусламж, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа аж.


















