Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн кино урлагт бүтээлүүдийн үргэлжлэх хугацаа жил ирэх тусам уртасч, хоёр цаг хагасаас гурван цаг үргэлжлэх кино олширчээ. Энэ өөрчлөлт зөвхөн Холливудын өндөр төсөвтэй бүтээлүүдээр хязгаарлагдахгүй, бие даасан уран сайхны кинонуудад ч ажиглагдах болов.

Кино урлагийн судлаач Стивен Фоллоус 1980-2025 оны хооронд кино театруудаар гарсан 36 мянга гаруй бүтээлд дүн шинжилгээ хийжээ. Судалгаагаар өргөн хүрээнд нээлтээ хийсэн киноны дундаж үргэлжлэх хугацаа 1980 онд 106 минут байсан бол 2025 онд 114 минут болж, 45 жилийн хугацаанд найман минутаар нэмэгдсэн дүн гарчээ.

Энэ хандлага 2026 оны томоохон бүтээлүүдээс ч тодорхой харагдана. Тухайлбал, найруулагч Кристофер Ноланы “Одиссей” кино 173 минут буюу хоёр цаг 53 минут үргэлжилдэг. Тус бүтээл дэлхийн кино театруудаас 1.8 тэрбум ам.долларын орлого олж, энэ оны хамгийн өндөр орлоготой кинонуудын нэг болжээ.

Мөн “Ла Бола Негра” кино 159 минут, “Юү Кэн Си Эврисинг” 174 минут үргэлжилдэг бол “Өлсгөлөн тоглоом” цувралын шинэ бүтээл 158 минутын урттай болжээ. Энэ нь тус цувралын өмнөх кинонуудаас хамгийн удаан үргэлжлэх бүтээл юм.

Киноны үргэлжлэх хугацаа нэмэгдэхэд цахим платформуудын өрсөлдөөн нөлөөлснийг салбарын мэргэжилтнүүд онцолжээ. Үзэгчид гэрээсээ кино үзэх өргөн боломжтой болсон тул кино бүтээгчид хүмүүсийг театрт татахын тулд илүү өргөн цар хүрээтэй, онцгой мэдрэмж төрүүлэх бүтээл хийхийг зорих болсон аж.

“Өшөө авагчид” цувралын найруулагч Жо Руссогийн хэлснээр кино театрт үзэх туршлага улам өөрчлөгдөж, үзэгчид гэрээсээ гарч кино үзэхийн тулд илүү онцгой бүтээл эрэлхийлэх болжээ. Киноны үргэлжлэх хугацаа үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч урт кино болгон сайн бүтээл болдоггүйг тэрбээр онцолсон юм.

Түүний үзэж буйгаар киноны үргэлжлэх хугацааг тухайн бүтээлийн өгүүлэмж, үйл явдлын өрнөлд нийцүүлэн тодорхойлох нь хамгийн чухал аж.

Японы найруулагч Рюсүкэ Хамагүчи ч хүний амьдрал, харилцааг яаралгүй, бодитоор харуулах арга барилыг эрхэмлэдэг. Түүний 2021 онд бүтээсэн “Драйв Май Кар” кино бараг гурван цаг үргэлжилдэг бол шинэ бүтээл “Олл оф э Садден” нь 197 минутын урттай болжээ.

Харин Польшийн найруулагч Павел Павликовский эсрэг байр суурь баримталдаг. Тэрбээр киног аль болох товч, нягт өгүүлэмжтэй байлгахыг зорьдог бөгөөд сүүлийн гурван бүтээл нь тус бүр 90 минутаас хэтрээгүй аж. Түүний шинэ кино “Фазерланд” ердөө 82 минут үргэлжилдэг.

Венецийн олон улсын кино наадмын захирал Альберто Барберагийн тайлбарласнаар хоёр цаг 15 минутаас хоёр цаг 30 минут үргэлжлэх кино олон улсын кино урлагт хэвийн үзэгдэл болжээ. Гэхдээ зарим бүтээлийн үргэлжлэх хугацааг 10-20 минутаар богиносговол уран сайхны чанар нь илүү сайжрах боломжтой гэж тэрбээр үзжээ.

Кино уртасч буй нь үзэгчдийг кино театраас холдуулах гол шалтгаан болсон гэх хангалттай нотолгоо одоогоор алга. Харин ч гурван цаг орчим үргэлжлэх зарим бүтээл өндөр орлого олж, үзэгчдийн сонирхлыг татсаар байгаа нь киноны үргэлжлэх хугацаанаас илүү агуулга, уран сайхны чанар, үзэх туршлага чухал болохыг харуулжээ.

Хуваалцах