Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр зэрэг голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр зэрэг голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ
Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр зэрэг голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Гол мөрөн, нуурын мөсний үзэгдэл, зузааны арав хоногийн тойм мэдээллийг хүргэж байна. 2026 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар гол мөрний зузаан нэмэгджээ.

Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг, Бүгсий голуудад мөсөн зах, өтгөн зайр, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Харин Хөвсгөл нуур Ханх сум Хатгал тосгон орчимд мөсөн зах ажиглагдаж байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Гичгэнэ, Хануй зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 10-25 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Суман, Чулуут, Хойттамир голуудад мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүл тогтсон бол Урдтамир голд мөсний үзэгдэл хараахан ажиглагдаж эхлээгүй байна. Тэрхийн цагаан нуур болон Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 25-30 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа /Дархан хот/, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 15-40 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Ерөө, Тэрэлж, Туул голын уртын дагууд мөсөн бүрхүүл, мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх мөсний үзэгдэл зонхилон ажиглагдсан байна.

Сэлэнгэ мөрөн нийт уртын дагууд мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх харин Орхон голын нийт уртын дагууд мөсөн бүрхүүл, мөсөн зах, өтгөн зайр гүйх мөсний үзэгдэл голлон ажиглагдсан байна.

Номхон далайн ай савын гол мөрөн, нуур

Хэнтий нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан сум/, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 15-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Балж, Хэрлэн /Багануур хот /, Халх /Сүмбэр сум/ орчимд мөсөн зах, өтгөн зайр гүйх мөсний үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Харин Дуут, Буйр, Хөх нууруудад 20-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Сагсай, Буянт, Бодонч, Турган, Харбут, Чигэртэй, Согоог зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 15-25 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Ховд, Булган, Чонохарайх , Төгрөг зэрэг голуудад мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдсан хэвээр байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Заг, Байдраг, Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Тээл, Түйн голуудад мөсөн зах голлон ажиглагдсан байна. Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 25 см нэмэгдэж, 65 см зузаан мөстэй болсон бол Тайган, Бөөнцагаан нууруудад 15-18 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байдалтай байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Намир, Хангилцаг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-20 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хархираа, Хариг, Түргэн, Тэс зэрэг голуудад мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Увс нуур Давст сум орчим мөсөн зах, мөсөн хөвлөг зэрэг үзэгдэл голлон ажиглагдсан хэвээр байна.

11 дүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн болон өтгөн зайр гүйх мөсний үзэгдэл ажиглагдсан хэвээр байсан байна.

Хуваалцах