Баянзүрх дүүрэг эрт илрүүлэг, оношилгооны иж бүрэн төв нь 2027 оноос иргэдэд үйлчилж эхэлнэ
Мэдээллийн алба

Баянзүрх дүүрэгт бие даасан Оношилгоо, эмчилгээний төвийн шинэ барилга ашиглалтад орж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийсний дараа 2027 оны хоёрдугаар улирлаас иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөж байна.
Нийт 3,448 ам метр талбай бүхий тус төв нь жилд 30–40 мянган хүнд хүрч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд дүүргийн хүн амын тэргүүлэх өвчлөл, түүний шалтгаанд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх цогц үйлчилгээг үзүүлнэ.
Эмнэлэгт суурилаагүй бие даасан бүтэцтэй гэдгээрээ онцлог бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийг оношийн дагуу дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж, бүрэн эдгэрэх хүртэл нь хяналтад байлгах тогтолцоогоор ажиллана.
Тус төвд дараах тасаг, нэгжүүд үйл ажиллагаа явуулна. Үүнд:
• Үйлчилгээний кабинет болон лаборатори
• Компьютер томограф, дүрс оношилгооны хэсэг
• Дурангийн өрөө
• Сэргээн засах эмчилгээний тасаг
• Яаралтай тусламжийн хэсэг болон эмийн сан
Энэхүү төв нь 2020 оноос хойш Баянзүрх дүүрэгт шинээр ашиглалтад орж буй эрүүл мэндийн салбарын 7 дахь барилга болж байна.


















