Т.Жамбалцэрэн: Монголын нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хүнсний тогтолцооны үндэсний зохицуулагч Т.Жамбалцэрэн 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Бутаны Хаан Улсын Паро хотноо зохион байгуулагдсан Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалтад оролцов.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хүнсний тогтолцооны үндэсний зохицуулагч Т.Жамбалцэрэн 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Бутаны Хаан Улсын Паро хотноо зохион байгуулагдсан Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалтад оролцов.
Тус дээд хэмжээний уулзалтыг Бутаны Хаант Улсын Засгийн газар, Ухаалаг хүнсний тогтолцооны холбоо (Conscious Food Systems Alliance) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) хамтран зохион байгуулж, улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага болон хүнсний тогтолцооны инновацын салбарын төлөөлөгчдийг оролцууллаа. Дээд хэмжээний уулзалтаар хүнсний тогтолцоог өөрчлөн шинэчлэх асуудлыг хэлэлцэхдээ соёл, үнэт зүйл, тогтолцооны сэтгэлгээ болон байгальд түшиглэсэн шийдлүүдэд онцгой анхаарал хандуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ тус дээд хэмжээний уулзалтаар дэвшүүлж буй дотоод өөрчлөлт, тогтолцооны үнэт зүйлс болон байгальд түшиглэсэн шийдлүүдийн үзэл санаа нь Монгол Улсын уламжлалт мал аж ахуйн өв соёлтой нягт холбоотой болохыг онцлов. Тэрбээр Монгол Улс уламжлалт нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний засаглалтай уялдуулах чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэв.
Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь тус улсын нийгэм, эдийн засаг, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны чухал хэсэг хэвээр байгааг тэрбээр онцлон тэмдэглэж, 180 мянга гаруй малчин өрх бэлчээрийн мал аж ахуйгаас хамааралтай бөгөөд энэ нь нэг сая гаруй хүний амьжиргааг дэмжиж байгааг дурдав.
Түүнчлэн хүн, мал, бэлчээрийн хоорондын харилцааг хамгаалах нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, соёлын өв, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Монгол Улсын хүнсний тогтолцоонд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дарамт, тухайлбал зуд, ган, улирлын шороон шуурга нэмэгдэж байгааг Төрийн нарийн бичгийн дарга мөн тэмдэглэв. Эдгээр нөхцөл байдал нь бэлчээр, хөдөөгийн иргэдийн амьжиргаа болон хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг санаачилга, малчдын хоршооллыг бэхжүүлэх, зах зээлийн тогтолцоог боловсронгуй болгох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний цахим мөрдөн мөшгөх тогтолцоог хөгжүүлэх, малын даатгалыг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг, нөхөн сэргээх бэлчээрийн менежментийг дэмжих зэрэг Засгийн газрын арга хэмжээг танилцууллаа.
Мөн олон улсын орчин үеийн стандарт, инновацыг Монголын малчин иргэдийн уламжлалт мэдлэг, үнэт зүйлстэй хослуулахын чухлыг онцлов.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илтгэлдээ 2026 онд Монгол Улсаас дэвшүүлж буй олон улсын санаачилгуудын хүрээнд бэлчээр, нүүдлийн мал аж ахуй болон хүнсний тогтолцооны өөрчлөлт шинэчлэлийн уялдаа холбооны талаарх Монгол Улсын байр суурийг танилцууллаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын санаачилгаар хэрэгжиж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил– 2026” нь бэлчээр болон малчдын хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргаа, эрүүл экосистемд оруулж буй хувь нэмрийг олон улсын түвшинд таниулах чухал платформ болохыг онцлов.
Мөн малчид, бодлого боловсруулагчид, судлаачид, хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудыг нэгтгэн, туршлага солилцож, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Дэлхийн малчдын чуулга уулзалт, бага хурал-ыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн эдгээр асуудал нь Монгол Улсын Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хурал (UNCCD COP17)-ын хэлэлцүүлэг болон үр дүнд мөн тусгалаа олсныг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.
Тэрбээр “Бэлчээрийн газар нутаг ба малчдын олон улсын жил – 2026”, Дэлхийн малчдын чуулга уулзалт, бага хурал, UNCCD COP17 нь бэлчээрийн газар нутаг болон малчдын ач холбогдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдний олон улсын бодлого, үйл ажиллагаанд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан уялдаатай, үргэлжилсэн бодлогын үйл явц болж байгааг онцлон тэмдэглэлээ.



















