МҮОНРТ, Монголын хүүхдийн ордонтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар өнөөдөр /2026.10.08/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮОНРТ нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны медиа үйлдвэрлэлийн хөтөлбөрт зориулсан хүүхдийн дүрс бичлэгийн студийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тохижуулна.
Ингэснээр хүүхэд, өсвөр үеийнхэн мэргэжлийн студид суралцаж, зураг авалт , контент бүтээх ур чадвар , бүтээлч сэтгэлгээ болон өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Мөн талууд хүүхдийн оролцоотой нэвтрүүлэг, контент бэлтгэх , тэдний авьяас чадвар , бүтээл болон үйл ажиллагааг олон нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллана.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл“МҮОНРТ хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэдэг студийг тохижуулж ажиллана. Энэ студид сэтгүүлч мэргэжлийг эзэмших сонирхолтой хүүхдүүдийг зочлуулж, телевизийн нэвтрүүлэг, сэтгүүлзүйн уран бүтээл хэрхэн бий болдгийг хүүхдүүд өөрсдөө туршиж үзэх боломжтой болно. Мөн хөтөлбөрийн бодлогодоо Хүүхдийн ордонтой хамтарч ажиллаж, Хүүхдийн ордон II төсөл дээр илүү дэмжиж ажиллана. Үүнээс гадна хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэх хөтөлбөрийн бодлогыг илүү чиглэл болгож байна” гэдгийг онцоллоо.
Хүүхдийн ордон II буюу Шинжлэх ухаан технологийн ордонд 12 төрлийн сургалт хөтөлбөр явагдана
Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа“Хүүхдийн ордон II буюу Шинжлэх ухааны ордон нээгдэхэд бэлэн болж байгаа. Энэ ордонд МҮОНРТ дүрс бичлэгийн студи бий болгож байгаа. Энэ орчин бүрдсэнээр хүүхдүүд Шинжлэх ухааны ордонд очиж бодитоор телевизийн орчинд хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, туршиж үзэх боломж бий болно. Шинжлэх ухаан технологийн ордонд хүүхдүүд хамгийн их очих сонирхолтой орчныг бий болгохоор ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад 35 хувь нь хөгжлийн үйлчилгээнд хамрагддаг гэсэн байна. Иймээс энэ судалгаанд үндэслэж шинжлэх ухаан технологийн чиглэлээр хөгжлийн үйлчилгээ түлхүү хийхийг зорьж байна.
Хүүхдүүд шинжлэх ухаан технологийн ордонд ирснээр илүү бүтээлчээр суралцана. Тухайлбал, Байгалийн шинжлэх ухааны лабораторид орлоо гэхэд шууд туршилт хийнэ. Мөн МҮОНРТ студид ороод сэтгүүлч, зураглаач, хөтлөгч, эвлүүлэгч, найруулагч мэргэжлийг өөрийн биеэр туршиж үзэх боломж бий болно.
Хүүхдийн ордон II буюу Шинжлэх ухаан технологийн ордонд 12 төрлийн сургалт хөтөлбөр явагдана. Энэхүү хөтөлбөрийг хүүхдүүдэд хэрхэн сонирхолтой байдлаар хүргэх талаар нэлээд анхаарч ажиллаж байна. Хүүхэд бүр лаборторид өдөрт хоёр удаа туршилт хийнэ.
Тодруулбал, өнөөдөр студид ажилласан бол маргааш нь хими, физик гэх мэтээр лабораторид туршилтаа хийгээд явна. Шинжлэх ухаан технологийн ордныг олон хүүхдэд танилцуулж, хүүхдүүдийг шинжлэх ухаанд дуртай болгох чиглэлээр ажиллана. Мөн сургуулийн бүх насны сурагчид хамрагдаж, суралцах боломжтой” гэв.


















