Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

“Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин) төсөл” нээлтээ хийлээ

ГХ
Гадаад Харилцааны Яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин) төсөл” нээлтээ хийлээ
“Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин) төсөл” нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 63 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын Газар нь Дасан Зохицох Сан, НҮБ-ийн Хөдөө Аж Ахуйг Хөгжүүлэх Олон Улсын Сангийн буцалтгүй тусламжаар НҮБ-ийн Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллагын техникийн туслалцаатай хамтран Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дундговь аймгийн Хулд, Эрдэнэдалай сумдад хэрэгжүүлэх “Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин) төсөл” нээлтээ хийлээ.

Төслийн нээлтэнд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ноён Ний Куайе-Кума тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж төслийн нээлтэнд оролцлоо.

Баянхонгор болон Дундговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өндөр өртөмтгий бүсүүдэд оршин суугаа ойролцоогоор 4,000 малчин өрхөд шууд хүртээмжтэй байх, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр бүс нутгууд нь цөлжилт, хатуу ширүүн өвөлжилт, ган, шар шороон шуурга зэрэг уур амьсгалын нөлөөллүүдэд хамгийн их өртдөг бөгөөд малчдын амьжиргаа бараг бүрэн хэмжээгээр мал аж ахуй, бэлчээрийн нөөцөд тулгуурладаг. УХААЛАГ-Малчин төсөл нь эдгээр бүс нутгийн хамгийн эмзэг, орхигдсон бүлгүүдийг хамарч, уур амьсгалын нөлөөллийн давтамж, эрч нэмэгдэж буй нөхцөлд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар, дэд бүтэц, хэрэгслүүдийг малчдад олгох юм.

УХААЛАГ-Малчин төсөл нь:

  • Төсөл хэрэгжих зорилтот бүс нутгийн малчин өрхүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үүсч буй сорилтуудад дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх,

  • Монголын мал аж ахуйн салбарт уур амьсгалын дасан зохицох загварыг тодорхойлон хэрэгжүүлж, зорилтот бүс нутгийн малчдын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадавх, үйлдвэрлэлийн үр ашиг, амьжиргааны баталгааг нэмэгдүүлэх үндсэн зорилготой.

Энэхүү зорилгуудын хүрээнд:

  • Усны нөөцийн тогтвортой менежмент, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, оролцоонд суурилсан мэдлэг, туршлага солилцох тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн стратегийн ач холбогдолтой ажлуудыг хэрэгжүүлнэ.

  • Уур амьсгалд тэсвэртэй бэлчээр ашиглалт болон тэжээл үйлдвэрлэлийн арга технологийг хөгжүүлэх, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, холбогдох бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх мэдлэгт суурилсан удирдлагын тогтолцоог бэхжүүлнэ.

  • Малчдын чадавхыг бэхжүүлэхэд голлон анхаарч, иж бүрэн сургалт болон мэдлэг олгох үйл ажиллагаагаар дамжуулан тэднийг зөвхөн нөөцөө оновчтой удирдах чадвартай болгоод зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг даван туулахад шаардлагатай чадавх, боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд тогтвортой мал аж ахуйг хөгжүүлж, малчдын нийгэм‑эдийн засгийн нөхцөлийг сайжруулан, тэднийг ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадавхтай болгох, улмаар дэлхийн тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадавхыг бий болгох хүчин чармайлтад хувь нэмэр оруулах юм.

Хуваалцах