Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

Багшийг дэмжсэн шинэчлэлээр хүүхэд бүрд тэгш боломж бүрдүүлнэ

БЯ
Боловсролын яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Багшийг дэмжсэн шинэчлэлээр хүүхэд бүрд тэгш боломж бүрдүүлнэ
Багшийг дэмжсэн шинэчлэлээр хүүхэд бүрд тэгш боломж бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн ордонд “Багш нарын төлөө хамтдаа” зөвлөгөөн болж, боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, багшийн хөгжил, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг бэхжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд боловсролын салбарын үе үеийн төлөөлөл оролцож, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын чанар, боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, цаашдын зорилтыг танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн хүрээнд Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаж, багшийн эрх зүй, хөгжлийг бие даасан хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдээд байна. Уг хуулиар багшийг туслах багштай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын нэмэлт ачааллыг бодитой үнэлж тооцох тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх боломж бүрдэж байна.

Мөн Монгол Улс анх удаа PISA олон улсын үнэлгээ-нд хамрагдаж, суралцагчдын мэдлэг, чадварын түвшнийг олон улсын жишигтэй харьцуулан үнэлэх, боловсролын бодлогоо өгөгдөлд суурилан боловсронгуй болгох шинэ боломжийг бүрдүүллээ.

Засгийн газрын хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын хүрээнд боловсролын салбарыг тэргүүлэх чиглэлийн нэг болгон тодорхойлж, багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн “Багшийн гурван тулгуурт бодлого”-ыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2027 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хувьсах зардлын цалин хөлсийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгаж, боловсролын салбарын нийт төсвийг 7.4 их наяд төгрөгөөр төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын шилдэг туршлагад суурилсан багшийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, сургуулийн удирдлагын бие даасан байдлыг нэмэгдүүлэх, багшийн мэргэжлийн өсөлт хөгжилд чиглэсэн дэмжлэгийг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Мөн хүүхэд бүр амьдарч буй газар нутаг, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн нөхцөлөөс үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор сум дундын ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлэх, орон нутагт олон улсын хөтөлбөртэй ахлах сургуулиудыг үе шаттай байгуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.

Боловсролын салбарын шинэчлэлийн гол хүч нь багш бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулах бодлого нь хүүхэд бүрийн хөгжил, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг зөвлөгөөний үеэр онцоллоо.

Хуваалцах