Монгол цэргүүд "Центр-2026" сургуулийн өмнөх хамтарсан сургалт дадлагад хамрагдаж байна
Мэдээллийн алба

ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль Сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн "Центр-2026" стратегийн команд штабын сургууль, хээрийн сургууль эхлэхэд бэлэн боллоо.

Дэлхийн 10 гаруй орны цэргийн алба хаагчид оролцож байгаа тус сургуулийн зорилго нь хил орчмын терроризмтэй тэмцэх, байлдааны ажиллагааны үед төрөл мэргэжлийн цэргүүдийн хоорондын харилцан ажиллагааг боловсронгуй болгох, тэдгээрийн үүрэг гүйцэтгэлтийг уялдуулах, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах, мотобуудлагын салаа, рот, батальоны түвшний байлдааны ажиллагааг зохион байгуулах талаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

"Центр-2026" сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хоёр хэлбэрээр буюу хээрийн сургуульд тактикийн бүлэг, стратегийн команд штабын сургуульд оперативын бүлэг тус тус оролцож байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид сургуулийн районд шилжин байрлаж, сургуулийн өмнөх жигдрэлтийн сургалтыг хангахын зэрэгцээ дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх спорт өдөрлөгт оролцож, Челябинск хот болон Златоустын зэвсгийн үйлдвэрийн музейгээр зочиллоо.

Сургуулийн Монгол талын удирдлагаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх, ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий нар ажиллаж байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб


















