Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Нийгэм

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна
Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын хүн ам, барилгажилт, төлөвлөлтгүй суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор үерийн эрсдэл нэмэгдэж байна.

Үүний зэрэгцээ үерийн хамгаалалтын далан, суваг болон борооны ус зайлуулах инженерийн байгууламжийн тодорхой хэсэг ашиглалтын хугацаа дууссан, элэгдэж гэмтсэн, хүчин чадал хүрэлцэхгүй болсон нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Нийслэлд 1966 оноос хойш нийт 161.7 км үерийн хамгаалалтын далан, суваг баригдсан боловч эдгээрийн 60–70 орчим хувь нь элэгдэл, гэмтэлтэй, ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Мөн авто замын нийт сүлжээний ердөө 16 хувь нь борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бөгөөд тэдгээрийн ихэнх нь хуучирч, лаг хагшаас хуримтлагдсан тул засвар шинэчлэл хийх шаардлагатай. Улаанбаатар хотын үерийн усны эрсдэлийг бууруулах, үерийн хамгаалалтын байгууламжийг шинээр барьж байгуулах, хуучирсан дэд бүтцийг шинэчлэх, борооны болон хөрсний усыг найдвартай зайлуулах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийт 22 байршилд 366.2 км үерийн хамгаалалтын далан суваг, 170 км борооны ус зайлуулах шугам сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр барихаар төлөвлөөд байна.

Эхний ээлжид нэн шаардлагатай 7 байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл” төслийг хэрэгжүүлэх бөгөөд төсөл нь хоёр үндсэн багцтай юм. Нэгдүгээр багц нь 66.5 км үерийн хамгаалалтын далан суваг, хоёрдугаар багц нь 40 км борооны ус зайлуулах шугам хоолойг шуудуу ухахгүйгээр доторлож шинэчлэх ажлыг 2026–2033 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шуудуу ухахгүй доторлох технологи нь зам талбайг их хэмжээгээр эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгож, замын хөдөлгөөн, иргэдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах давуу талтай. Тус төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр магадлал хийлгэж батлагдсан. Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын гүйцэтгэгч буюу Хот төлөвлөлт судалгааны институти ОНӨААТҮГ-аас батлагдсан ТЭЗҮ-ийг НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгөөд байна.

Төсөл хэрэгжсэнээр 500 мянга хүртэлх хүнд учирч болох үерийн эрсдэлийг бууруулах боломжтой гэж тооцоолж байна. Мөн хүний амь нас, эрүүл мэндийн эрсдэл буурна, айл өрхийн эд хөрөнгийн хохирол, нүүлгэн шилжүүлэлт багасна, бизнес, эдийн засгийн үйл ажиллагааны зогсолт буурах, үерийн улмаас үүсэх хүрээлэн буй орчны бохирдол багасах, хотын ариун цэвэр, эрүүл ахуйн орчин сайжрах, үерийн дараах хохирлыг арилгахад бус, үерээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах тогтолцоонд шилжих нөхцөл бүрдэнэ.

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, хуучирсан инженерийн дэд бүтцийг шинэчлэх, ус зайлуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгө болон хотын хэвийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ юм.

Хуваалцах