Буйр нуурт усан замын тээврийн “Хяналтын пост” ашиглалтад орлоо
Мэдээллийн алба

Монгол Улсын Далайн захиргааны хөрөнгө оруулалтаар Буйр нуурын эрэгт усан замын тээврийн “Хяналтын пост” баригдаж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, Дорнод аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Буйр нуурын хамгаалалтын захиргааны төлөөлөл, нутгийн иргэд оролцов.
Сүүлийн жилүүдэд стандартын бус завь, хийлдэг хөвөгч хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж, усны ослын эрсдэл өсөх хандлагатай байгаа тул усан замын тээврийн хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилгоор тус постыг байгуулсан юм.
Бүтээн байгуулалтын хүрээнд дөрвөн завь зогсоох зориулалттай хөвдөг зогсоол, гадна хашаа, оффис, амрах байр, агуулахын зориулалттай нийт 54 м.кв талбай бүхий гурван зөөврийн сууц суурилуулж, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Ингэснээр улсын байцаагчид зуны улиралд тогтмол ажиллаж, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, оношилгоог газар дээр нь хийх, иргэд, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх боломж бүрдэж байна.
Мөн Буйр нуурыг зорин ирж буй аялагч, иргэдийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.


















