АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
Мэдээллийн алба

Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын хүний эрхийн асуудлаарх “Хүний эрхийн ирээдүй: Үндэсний, бүс нутгийн, дэлхийн түвшинд” сэдэвт 24 дүгээр семинар болж байна.
Тус семинарт Ази, Европын орнуудын төрийн байгууллага, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн 50 гаруй улсын төлөөлөгчид оролцож, хүний эрхийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.
Семинарын нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмыг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулж, хүний эрхийг хамгаалах үндэсний эрх зүй, институцийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирснийг тэмдэглэв. Мөн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд олон улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, яриа хэлэлцээ чухал болохыг онцолж, Ази, Европын орнуудын туршлага солилцоо, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн ач холбогдлыг дурдав.
Монгол Улс энэхүү семинарыг эх орондоо зохион байгуулж буй нь Ази, Европын орнуудын хүний эрхийн салбар дахь яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хүний эрхийн өнөөгийн сорилт, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцох, хамтын шийдэл эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой юм.




















