Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУвс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1/3
Соёл, спорт

“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Япон Улсад зохион байгуулагдсан “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд Монгол Улсын баг тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 10 медаль хүртэж, медалийн нэгдсэн дүнгээр 14 дүгээр байрт шалгарлаа.

Тус наадамд Монгол Улсаас 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг спортын 10 төрөлд оролцож, 5 төрлөөс медаль хүртэн, нэг наадмаас авсан алтан медалийн тоогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо.

Алтан медалийг пара таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдо бөхийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нар хүртэж, Азийн пара наадмын аваргаар тодорлоо.

Мөнгөн медалийг жүдо бөхийн тамирчин Т.Сувд-Эрдэнэ, хөнгөн атлетикийн тамирчид Г.Ган-Эрдэнэ, Ц.Доржзодов, байт харвааны ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ нар хүртэв.

Хүрэл медалийг пара таеквондогийн тамирчин Х.Темирбек, байт харвааны эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нарын баг хүртлээ.

Монгол Улсын баг тамирчид өмнөх Азийн пара наадмуудад дараах амжилтыг үзүүлж байв. Үүнд:

  • Гуанжоу–2010 (БНХАУ): 2 мөнгө, 3 хүрэл;

  • Инчён–2014 (БНСУ): 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл;

  • Жакарта–2018 (Индонез): 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл;

  • Ханжоу–2022 (БНХАУ): 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль.

Ийнхүү Монгол Улсын баг тамирчид өмнөх дөрвөн наадмаас нийт 5 алтан медаль хүртэж байсан бол энэ удаагийн наадмаас 4 алтан медаль хүртэж, нэг наадамд үзүүлсэн амжилтаа шинэчлэн тогтоолоо.

Хуваалцах