Чингис хаан үндэсний музей Москва хотноо эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Мэдээллийн алба

Чингис хаан Үндэсний музей нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улс судлалын дээд сургууль, Оросын ШУА-ийн Хятад, орчин үеийн Ази судлалын хүрээлэнтэй хамтарч “Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцаа: түүхэн өв ба хамтын ажиллагааны хэвийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Москва хотноо (2026.11.23) зохион байгуулав.
Хурлын үйл ажиллагааг Монголын талаас нээж, нэгдсэн хуралдаанд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “XVII зууны Орос-Чингийн харилцаан дахь Монголчуудын хувь нэмэр, байр суурь” сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ.
Хурлын хүрээнд “Орчин үеийн Орос-Монголын соёл иргэншил хоорондын харилцаа”, “Монгол, Оросын түүхэн өв, хамтын ажиллагааны хэтийн төлөв: цаг хугацааны холбоо” сэдэвт салбар хуралдааныг судлаачид хэлэлцүүлж, судалгааны үр дүнгээ танилцуулав.
Энэ үеэр судалгааны олон шинэлэг асуудлыг хэлэлцэж, тэр дундаа өнөө цагийн Монгол, Орос, Хятадын харилцаа нь дан ганц улс хоорондын харилцаа бус, харин түүхийн урт хугацаанд бүрэлдэн бий болсон, хэл, соёл, түүхийн өв бүхий гурван өөр соёл иргэншил хоорондын харилцаа гэдгийг хөндөж ярилцлаа.
Монголчуудын соёл иргэншил нь Евразийн төв нутагт Хүннү, Сяньби, Жужаны үеэс, магадгүй түүнээс ч эрт үеийн улбаатай, Монголын эзэнт гүрний үед дэлхийн олон улсын орны соёл иргэншил хоорондын харилцаанд хүчтэй нөлөөлж, соёлын солилцоог идэвхтэй хурдасгасан өрнөлтэй, мөн өнөө цагийн үргэлжлэлтэй түүх соёлын баялаг өвийн цөм болох талаар олон судлаачид онцолж байв.
Тус хурлыг Чингис хаан Үндэсний музейгээс хамтран хэрэгжүүлж буй “Орчин үеийн Монгол, Оросын соёлын харилцаан дахь угсаатны хүчин зүйлс” төслийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хийж буйгаар онцлог боллоо.




















