Биндэрчүүдэд ХХААХҮ-ийн салбарын бодлого, шинэ хөтөлбөрүүдийг танилцууллаа
Мэдээллийн алба

Өнөөдрийн хоёр дахь уулзалт Биндэр суманд боллоо. Уулзалтаар ХХААХҮ-ийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэснээс гадна салбарт шинээр туршин хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Арьс шир-Баялаг” хөтөлбөр, “Нэг сум- Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв”, Биокомбинат ТӨХХК-ийг түшиглэсэн вакцин үйлдвэрлэл, бордоо үйлдвэрлэлийн талаар мэдээлэл хүргэв.
Эндээс онцолбол, "Нутагтаа эзэн 100:1000” төслийн үр дүн гарч байна.
“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг мал аж ахуйн салбартай хослон хөгжүүлэх, тэжээлийн таримлыг тариалах замаар хөрсний (бэлчээрийн) доройтлыг бууруулж, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2026 онд "Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд хэрэгжүүлж 2270 га-д тариалалт хийсэн. Нийт 778 малчин өрхийн хоршоо хамтын ажиллагааг дэмжиж, нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнгүүд гарч байна. 10 дугаар сарын 16-ны байдлаар 1450 га талбайгаас 3625 тонн буюу га-аас 25 центр ургац хураан авч гүйцэтгэл 63.8 хувьтай байна. Энэ намар нийтдээ 7000 тонн хүртэл тэжээл авах төлөв гарч ХХААХҮЯ-наас зорьсон үр дүнд хүрч байна.
“Нэг сум - Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” хөтөлбөр нийслэл болон 16 аймгийн 30 суманд хэрэгжин эхэлж байгаа бөгөөд Биндэр сум хамрагдаж байгаа юм. Энэ хөтөлбөр хэрэгжиснээр малчид сумандаа малын оношилгоо, эмчилгээ, вакцинжуулалтын үйлчилгээг нэг дороос авах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын хорогдол, малчны хохирлыг бууруулах үйлчилгээ төвлөрөх гэх мэт олон талын ач холбогдолтой юм.
Биндэр сумын доторх авто зам тавигдаад байна. Өмнөдэлгэр- Биндэр чиглэлийн авто зам үргэлжилж байгаа. Тухайлбал, 7 багц авто замын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2-р багцын ажил саатсан, ирэх хавар үргэлжилнэ гэдгийг УИХ-ын гишүүн М.Ганхүлэг мэдээлэв.
Энэ зун “Их хуралдай” түүхэн аялал жуулчлалын цогцолбор, Биндэр сумыг 20 гаруй мянган дотоод, гадаадын жуулчин зорин иржээ.



















