“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг төвийн бүсийн иргэдэд танилцууллаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Засийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд орон сууцны хуүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан Дархан-Уул аймагт ажиллаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар танилцуулан, орон нутгийн иргэд, салбарын төлөөлөл, албан хаагчидтай уулзан, тэдний санал хүсэлт болон тулгамдаж буй асуудлыг сонслоо.
“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд иргэдийг орон сууцжуулах бөгөөд төрийн оролцоотой баригдсан орон сууцыг зорилтот бүлгийн иргэд урьдчилгаагүй худалдан авах боломж бүрдэнэ.
55 мянган иргэний ипотекийн зээлийн хүлээлтийг шийдвэрлэнэ.
Гэр хорооллын газрыг чөлөөлж, 50 мянган айлын янданг бууруулна
Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ. Ирэх 2027 оноос хувийн хэвшилтэй хамтран 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэр бүрдүүлж, шинээр 16.000 өрхийг зээлд хамруулна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны зээлийг дэмжинэ.
Төр барилга барихаас илүүтэй газар, инженерийн дэд бүтцийг шийдвэрлэж, хувийн хэвшил төлөвлөлттэй, дэд бүтцээр хангагдсан орон сууцны төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх 60.000 айлын орон сууцны төслүүдийг төр дэмжинэ.
Засгийн газрын “100.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн орон сууцны зээлд хамрагдах боломж нөхцөл нэмэгдэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд тэргүүн ээлжинд гэр хорооллын иргэдийг орон сууцанд хамруулах, сонгон шалгаруулалтыг төрийн оролцоогүй, хүнээс хамааралгүй байхаар, сүүлийн үеийн ухаалаг системээр ил тод нээлттэй зохион байгуулах юм.


















