Нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг хэлэлцлээ
Мэдээллийн алба

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2026.09.23/ болж, нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явц, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Хурлын эхэнд “Тусгай замын автобус BRT” төслийн хэрэгжилтийн талаар төслийн менежер Т.Чинбат танилцуулав. Төслийн эхний шатны тендерийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хааж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороод хуралдан, оролцогчдын богино жагсаалтыг гаргасан. Улмаар тендерийн хоёрдугаар шат эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 26-ны өдөр хаахаар төлөвлөж байгааг тэрбээр мэдээллээ.

“Дүүжин замын тээвэр” төслийн хэрэгжилтийн талаар төслийн менежер Б.Дамбарагчаа мэдээлэл өгсөн. Төслийн цахилгаан хангамжтай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд ирэх долоо хоногоос төслийн гадна талын шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 85.6 хувьд хүрсэн байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд “Хот төлөвлөлт судалгааны институти” ОНӨААТҮГ-аас Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан. Ингэснээр хотын инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулахад чиглэсэн төслийн дараагийн шатны ажлуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэх талаар Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн ахлах инженер А.Болор мэдээлэв.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжиж буй Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрсэн байна. Тус нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метрийн урттай явган хүний гүүрийн суурь болон тулгуур баганын ажлыг хийж дуусган, гүүрийн металл хийцийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байгааг төслийн менежер М.Золбоо танилцууллаа. Харин Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд хэрэгжүүлж буй хоёр дахь нүхэн гарцын ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа бол Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалт 73 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Шуурхай хуралдааны үеэр НТУГ-ын захирал З.Батырбек нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийг батлагдсан төлөвлөгөөний дагуу, хугацаанд нь хэрэгжүүлэхэд захиалагчийн хяналтыг сайтар хэрэгжүүлж, гүйцэтгэгч компаниудтай нягт хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн төслүүдийн явцын тайланг тогтмол хүлээн авч, хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн Дүүжин замын тээвэр төслийн дулаан хангамжийн ажлыг шуурхайлах чиглэл өглөө.


















