Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 36.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Манай улсад 2026 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 114 улсын 36.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 12.3 (51.5%) мянган хүнээр, өмнөх улирлаас 6.0 (19.8%) мянган хүнээр тус тус өссөн байна.
2026 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 111 хүн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 95 (46.1%) хүнээр буурсан бол өмнөх улирлаас 17 (18.1%) хүнээр өссөн байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 33.5 (92.8%) мянга нь эрэгтэй, 2.6 (7.2%) мянга нь эмэгтэй байна. Насны бүлгээр авч үзвэл бүх насны бүлэгт эрэгтэйчүүд давамгайлж байна. Мөн 35-39 насны иргэд хамгийн их буюу 6.4 (17.7%) мянга, 20 хүртэлх насны иргэд хамгийн бага буюу 305 (0.8%) хүн ажиллаж байна.
Боловсролын түвшнээр авч үзвэл 12.0 (33.2%) мянга нь техникийн болон мэргэжлийн, 10.2 (28.1%) мянга нь бүрэн дунд, 6.9 (19.0%) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 6.0 (16.7%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 536 (1.5%) нь магистр, доктор, 453 (1.3%) нь суурь болон бага боловсролтой, 71 (0.2%) нь боловсролгүй иргэд байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн дийлэнх нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат бөгөөд нийт ажиллагчдын 72.4 хувийг эзэлж байна.
Харин Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харьяат иргэд 10.7 хувь, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын харьяат иргэд 3.8 хувь, Бүгд Найрамдах Филиппин Улсын харьяат иргэд 2.2 хувь, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын харьяат иргэд 2.1 хувь, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын харьяат иргэд 2.0 хувийг тус тус эзэлж байна.
Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын харьяат иргэд 1.0 хувь, Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын харьяат иргэд тус бүр 0.9 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 4.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.


















