Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 13 минут
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.10.15 / үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад, 126 гишүүнээс 65 нь хүрэлцэн ирж, ирц 51.6 хувьд хүрснээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэсэн байлдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 39 гишүүнээс “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хуваарилсан байна.

946ac50bff1d405f9b237476a281d2b2

Хуралдаан Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиудын төслийн талаарх хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

de46e59a1e604543a17be0a7a74c238e

Ингээд "Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв.

Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат нар тус тус танилцуулав.

4586f3afe01543b1b514dc06fd073435

1997 онд Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа бөгөөд статистикийн мэдээллийн эх үүсвэр нь зөвхөн уламжлалт судалгаа, тооллогоор хязгаарлагдахгүй болж, төрийн байгууллагуудын мэдээллийн сан, захиргааны мэдээлэл, их өгөгдөл зэрэг мэдээллийн шинэ эх үүсвэрүүдийг ашиглах, мэдээллийн интеграцыг хийх хэрэгцээ нэмэгдэж, статистикийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг төсөл санаачлагч гишүүн хэлсэн.

Шинэчилсэн найруулгаар хуулийн бүтэц 6 бүлгээс 7 бүлэг 23 зүйлээс 31 зүйл болж өргөжин, үндэсний статистикийн тогтолцоо, мэдээллийн хэлбэр, эх үүсвэр, өгөгдлийн сан, нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, статистикийн мэргэжлийн хараат бус байдал, мэдээллийн чанар, мэдээлэгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг зэрэг асуудлыг системтэйгээр зохицуулахаар оруулсан байна.

Мөн НҮБ-аас 2016 онд баталсан албан ёсны статистикийн загвар хуульд тусгагдсан төдийгүй статистикийн мэдээлэл хэрэгцээтэй, хүртээмжтэй, мэргэжлийн хараат бус байдлыг хангах, шинжлэх ухааны үндэслэлтэй, алдааг илрүүлж залруулдаг, эх сурвалжийг оновчтой сонгодог, нууцлалыг чанд хамгаалах арга зүй, журмыг ил тод болгох, мэргэжлийн стандарт ёс зүйд үндэслэх, үндэсний зохицуулалт арга зүйн нэгдмэл байдлыг хангах олон талт хамтын ажиллагааг илүү бэхжүүлэх зэрэг нийтлэг зарчимтай нийцүүлж энэхүү төслийг боловсруулсныг А.Ариунзаяа гишүүн танилцуулгадаа дурдсан.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хийсэн байна.

fe8bd6d5e1ff4b4db20cfaf01a5ed41a

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “.. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна..." гэж заасны дагуу санал хураалт явуулахад Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 60.0 хувиар, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 56.0 хувиар, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 56.0 хувиар, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 60.0 хувиар, Статистикийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 64.0 хувиар буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулгадаа онцолж байлаа.

a4f90924ef034cdeadb6ce3095ebf305

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Бум-Очир, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Ч.Анар, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Ч.Ундрам нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, хуулийн төсөл батлагдсанаар энэ салбарын эрх зүйн орчин, зохицуулалт төсөл санаачлагчдын хүлээлтийг хэдэн хувийг нь хангаж байгаа талаар тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хариултдаа, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу ямар үзүүлэлтээр, ямар судалгаануудыг, ямар давтамжтай хийх вэ гэдгийг заагаад өгсөн. Гэвч тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар судалгаа явуулах гэхээр боломж нь хязгаарлагдсан байдаг. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд судалгаануудыг нэг бүрчлэн заагаагүй гэдгийг онцолсон.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир анхдагч мэдээлэл цуглуулахад ижил төстэй мэдээллийг олон давтамжтайгаар цуглуулдаг нь аж ахуйн нэгжүүдэд ачаалал ирдгийг дурдаад үүнийг төсөлд хэрхэн зохицуулсан талаар лавлав.

ef82ca429c8a4c5bb3dadc8eadc93094

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, бид холбогдох хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагаас мэдээллийг нэг авсан бол дахиж авахгүй гэсэн зарчмыг баримталж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард эдийн засгийн буюу аж ахуйн нэгжийн тооллогоор төрийн 12 байгууллагын 19 мэдээллийн санг нэгтгээд төрд байгаа мэдээллийг дахин давтахгүй байхад чиглүүлж ажилласан гэлээ. Мөн тэрбээр технологийн ашиглалтын хувьд Үндэсний статистикийн хороо уламжлалт хэлбэрээс бүрэн цахимд шилжиж, энэ хүрээнд мэдээлэл цуглуулалтаас тархалт хүртэлх бүх үзүүлэлтийг цахим хэлбэрээр явуулдаг болсон гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн хуулийн төсөлд статистикийн байгууллагын ажилтан, төрийн захиргааны албан тушаалтан байна, тухайн ажилтны албан тушаалын цалин хөлс, урамшууллыг Улсын Их Хурлаас тогтооно гэсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуультай нийцэж буй эсэх, статистикийн мэдээллийг улс төрийн зорилго, агуулгаар боловсруулах, улмаар статистикийн үйл ажиллагаа эрхлэх, мэдээлэл тархаахыг хориглоно гэсэн нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай улсад хэр нийцэхийг тодруулсан.

3010b2bed9584cf4ae629c7f8f375042

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Үндэсний статистикийн хороо нь Улсын Их Хурлын харьяа байгууллага тул цалин хөлсийг тогтоож байгаа гээд, ер нь төрийн байгууллагууд ажлын ачаалал нь адил атлаа зарим нь бага цалинтай, эсвэл хаана ажиллаж байна гэдгээсээ хамаарч өөр өөр цалин, зэрэг дэвтэй байж болохгүй. Үүнийг нэгдсэн байдлаар тогтоох нь зүйтэй гэдгийг хариултдаа тодотгов. Мөн хуулийн төсөлд статистикийн байгууллагын зэрэг дэвийг тогтоож, үүн дотроо орон нутаг орхигдсон байсныг нэмэлтээр оруулж ирж байгаагаараа онцлог гэв.

Харин Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, тухайн хориглосон заалт нь албан ёсны болон албан бус буюу хувь судлаачид, хувийн хэвшлийн гаргаж байгаа судалгааны мэдээллүүд, мэдээлэл цуглуулалт, түүвэр судалгаа, академик судалгаануудад үйлчлэхгүй хэмээн нэмэлт хариултыг өглөө. Түүнчлэн тэрбээр улс төрөөс хараат бус, урьдчилж ийм үзүүлэлтээр статистик мэдээлэл гаргахгүй гэсэн нь олон улсад "жимс түүх" гэж ярьдаг гоё үзүүлэлтүүдээ түүж аваад статистикийн байгууллагуудаар гаргуулаад, муу үзүүлэлтүүдийг орхидог тэрхүү үзэгдлээс сэргийлэх, хараат бус байдлаар ажиллуулах зорилгоор оруулсан гэж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, О.Саранчулуун нар хуулийн төслүүдийн талаар дэмжсэн, дэмжээгүй талаар байр сууриа илэрхийлэв. Ингээд Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтсон.

58272017d04a4a0dafe781eb28fbe67f

Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар тус тус танилцуулав.

Хууль санаачлагч танилцуулгадаа, анхдагч хуулийн төсөл нь Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, өнөөдөр тус салбарт үүсээд буй асуудлаас улбаатайг дурдсан. Манай улс өмнө нь дулааны бие даасан эрх зүйн зохицуулалтгүй байсан. Хэт ерөнхий хуулиар, салбарын олон харилцааг "хуулиас давсан" 400 орчим журам, дүрмээр зохицуулж ирсэн нь иж бүрэн зохицуулалт бүхий төсөл боловсруулахад хүргэсэн гэлээ.

Монгол орны цаг уурын онцлог байдалтай хамааралтай дулааны эрчим хүчний хэрэглээ өндөр, хүн ам, аж үйлдвэр, үйлчилгээний дулаан хангамжийн аюулгүй, найдвартай байдал нь стратегийн чухал асуудал тул дулаан хангамжийн харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа аж. Эрчим хүчний тухай хууль 24 жилийн хугацаанд мөрдөгдөхдөө нийт 15 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 174 заалт буюу 53 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

a99a721fbf2b4a0ca1f5c21797b050f7

Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл нь нийт 12 бүлэг, 66 зүйлтэй, дулаан хангамжийн салбарын төрийн бодлого, төрийн болон зохицуулалтын байгууллагуудын чиг үүрэг, дулаан хангамжийн систем, ангилал, дулаан хангамжийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага, дулааны сүлжээний холболт, дулааны тоолуур, тоолуурын систем, хэрэглэгчийн гэрээ, дулааны үнэ тарифын зохицуулалт, салбарын техник технологийн шаардлага, хяналт шалгалт зэрэг асуудлуудыг хамарсан, нарийвчилсан зохицуулалттай аж. Түүнчлэн, нэгдмэл сүлжээнээс гадна тархмал эх үүсгүүрийг бий болгоход бодлогын дэмжлэгийг үзүүлснээр иргэнийг хямд, найдвартай дулаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх, дулааны үнэ тарифыг тодорхойлох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, дулаанд холбогдох техникийн нөхцөл, сүлжээнд холбох шалгуурыг хялбаршуулж, хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системд холбогдох нөхцөлийг уян хатан болгох зохицуулалтыг тусгажээ.

Дулаан хангамжийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдэх сонголт, боломжийг хуулийн хувьд нээлттэй болгож, үйл ажиллагаа явуулахад хүндрэл, бэрхшээл, төрийн оролцоо багатай байх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд зохицуулалтууд орсон байна. Дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох үндсэн зарчмыг хуульд тодорхойлж, дулааны эрчим хүчний нэгдсэн баланс гаргах тогтолцоог бүрдүүлснээр дулаан хангамжийн системийн үр ашгийг хэмжих, үнэлэх, сайжруулах боломж бүрдэхийн дээр хэрэглэгч хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэх аж.

Хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрлийг тодорхой болгоно. Ингэснээр улс, орон нутгийн хэмжээнд дулаан хангамжийн бодлогыг үр дүнтэй тодорхойлон хэрэгжүүлж, үр дүнд нь иргэд найдвартай дулаан хангамжийг зохистой үнээр худалдан авч, дулааны салбарын тэнцвэртэй, тогтвортой байдлыг бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чухал нөлөө үзүүлнэ хэмээн М.Энхцэцэг гишүүн танилцуулж байлаа.

a635945ba3a147b0bba0b23029df8143

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хууль санаачлагч Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч дулаан хангамжийн салбарын бодлого, төлөвлөлт, байгууллагуудын чиг үүрэг, хөрөнгө оруулалт, үнэ тариф, сүлжээний холболт, тоолууржуулалт, аюулгүй ажиллагаа, хяналт шалгалтын харилцааг цогцоор зохицуулах хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, төрийн зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор бие даасан Дулаан хангамжийн тухай хуультай болох шаардлагатай гэж үзсэнийг Х.Булгантуяа гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсаныг тодотгов.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт "... Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг 68.0 хувиар, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 68.0 хувиар, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 68.0 хувиар, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг 64.0 хувиар, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 68.0 хувиар тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

4d531fc8c24e4161b12092b6042a753d

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, О.Номинчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Лувсанжамц нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн дутагдлаас гарах эсэх, дулааны тоолууртай болсноор алдагдлыг хэрхэн бууруулах, үнэ тарифын өсөлтийг зохицуулсан талаар илүүтэй лавлаж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг хариултдаа, Дулаан хангамжийн дутагдлыг бууруулахын тулд хуулийн төсөлд хэсэгчилсэн бие даасан дулаан хангамжийн системийн асуудлыг шинээр тусгасан. Энэхүү системд тусгай зөвшөөрөл авах, үнэ тариф батлуулах, зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хийлгэх зэрэг асуудалд төр оролцохоо болихоор хувийн хэвшлийнхэнд дулаан хангамжийн дутагдалд байгаа олон мянган хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх боломжийг нээж өгч байгаа юм. Түүнчлэн дулаан хангамжаасаа болоод орон сууц, барилга байгууламж төвлөрөөд байгаа учир үүнийг тархмал байдлаар шийдвэрлэх эрх зүйн орчныг нээснээр дулааны хангамжийн хомсдол багасгана гэв.

946ac50bff1d405f9b237476a281d2b2

Түүнчлэн бид тоолж чадахгүй байгаа болохоор дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, бүр хэрэглэгч дээр дулааныхаа хэдэн хувийг алдаж буй талаар тодорхой мэдэхгүй байгаа. Дулааны тоолууртай болсноор алдагдлаа хаана гарч буйг мэдэхийн зэрэгцээ хэмнэлт хийх боломж бүрдэнэ. Мөн тоолуургүй учраас дулаан алдагдлаа тоохгүй, байшингаа дулаалахгүй байгаа хэмээн төсөл санаачлагч гишүүн хариулж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг, хуулийн төсөлд дулааны үнийг батлах аргачлалуудыг өртгийн, урамшуулалт тариф, индексжүүлэлтийн тариф, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр тохирсон үнэ гэх зэргээр тодорхой тусгасан. Тухайлбал, өртөг гэдэгт анхны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал гээд энэ бүх асуудлыг тодорхойлохын тулд санхүүгийн нэгдсэн стандарт гэж байдаг. Үнийг бодитой эсэхийг нягталдаг, аудит хийсний үндсэн дээр үнэ тарифаар батлах ёстой юм гэж байв.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойш хуулийн төслийн талаарх гишүүдийн асуулт хариултаар үргэлжилнэ

Хуваалцах