Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Монгол Улс бичил биетний тэсвэржилтийн эсрэг дэлхийн аянд нэгдлээ

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол Улс бичил биетний тэсвэржилтийн эсрэг дэлхийн аянд нэгдлээ
Монгол Улс бичил биетний тэсвэржилтийн эсрэг дэлхийн аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Хүний амь насыг авран хамгаалах чухал үүрэгтэй эмийн үр нөлөөг хадгалах, бичил биетний  эмэнд  тэсвэржилтийн аюул заналын эсрэг тэмцэхэд иргэн бүр “Ирээдүйнхээ төлөө манлайлагч” байхыг уриалж, Монгол Улс бичил биетний  тэсвэржилттэй тэмцэх дэлхий нийтийн аянд нэгдэж байна.

Энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулж байна.Энэ жилийн “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний  тэсвэржилтээс өнөөдрөөс сэргийлье” сэдэв нь эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэл бол хүн бүрийн хамтын хариуцлага гэдгийг онцолж байгаа юм.

Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Нэг эрүүл мэнд” санаачилгын хүрээнд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” сэдэвт аянаар дамжуулан хамтын хариуцлагын чухлыг онцлон уриалж байна.

Бичил биетний  эмэнд  тэсвэржилт гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр,  шимэгч нь  тэдгээрийн эсрэг эмэнд тэсвэртэй болж, улмаар эдгээр эм нь өмнөх шигээ үр дүнтэй үйлчлэхгүй болох буюу тухайн халдварыг эмчлэх чадвараа алдахыг хэлнэ. Дэлхий нийтийн хэмжээнд 2021 онд гэхэд зөвхөн нянгийн эсрэг эмийн  тэсвэржилттэй холбоотойгоор 4.71 сая хүн нас барсан байна. Улам бүр өсөн нэмэгдэж буй энэхүү аюул заналыг даван туулахын тулд хүн бүрийн оролцоо шаардлагатай. “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” аян нь иргэд, бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилтнууд, малын эмч, фермерүүд болон малчдыг бичил биетний эсрэг эмийн буруу болон хэт хэрэглээг таслан зогсоохыг уриалж байгаа юм.

Бичил биетний  эмэнд  тэсвэржилтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн, мал амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийн хоорондын нягт уялдааг хангадаг “Нэг эрүүл мэнд” зарчмын дагуу  хүн бүрийн оролцоо чухал юм. Бичил биетний эмэнд  тэсвэржилт нь эдгээр харилцан холбоотой тогтолцоонд үүсэж, тархдаг тул эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэхэд хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбаруудын уялдаа холбоотой хамтын ажиллагааг шаардлага үүсдэг. Бичил биетний тэсвэржилтийн эсрэг Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс онцлон дурдвал Монгол улс 2026-2030 онд хэрэгжүүлэх бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөөг “Нэг эрүүл мэнд” зарчимд тулгуурлан олон салбарын оролцоотойгоор боловсруулж байна.

11 дүгээр сарын 23-ны өдөр бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг болон хүн, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төлөөллүүд дээрх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, эцэслэн боловсруулж батлуулахад чиглэсэн гол үйл ажиллагаануудыг тодорхойлох юм.

Хуваалцах