Цахим халдлагын улмаас Европын холбооны сургалтын сайтын хэрэглэгчдийн мэдээлэл алдагджээ
Мэдээллийн алба

Европын Комисс «Европын холбооны академи» цахим сургалтын сайтын хэрэглэгчдийн нэр, цахим шуудангийн хаяг халдлагын улмаас алдагдсаныг арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлжээ. Хэдэн хэрэглэгч өртсөнийг тогтоох шалгалт үргэлжилж байна.
«Европын холбооны академи» нь тус холбооны бодлого, хөтөлбөрийг ойлгож, ажилдаа хэрэгжүүлэхэд нь хэрэглэгчдэд туслах зориулалттай. Европын холбооны байгууллагын гадна ажилладаг бөгөөд тус холбооны бодлоготой холбоотой ажил эрхэлдэг мэргэжилтнүүдэд голлон чиглэдэг. Тус сайтаар цахим сургалтад хамрагдах, сургалтын материал ашиглах, дадлага сургалт болон хэлэлцүүлэгт оролцох боломжтой.
Комисс мэдээллийн сангуудтай холбоотой халдлагыг аравдугаар сарын 22-нд анх илрүүлжээ. Халдлагад хиймэл оюуны хэрэгсэл ашигласныг Комисс баталсан бөгөөд хамгаалалтын арга хэмжээ авч, хэд хэдэн цахим үйлчилгээг түр зогсоосон байна. Тэдгээрийн ихэнхийг сэргээсэн ч сургалтын сайтын хандалтыг хаасан хэвээр байгааг арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлжээ.
Сайтын хэрэглэгчдэд сэжигтэй цахим шуудан, зурвасаас сэрэмжилж, сургалтын сайттай холбоотой гэх шалтгаанаар хандсан хүнд хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулсан байна.


















