Женсен Хуанг «Энвидиа»-гийн гүйцэтгэх захирлаар эргэн томилогджээ
Мэдээллийн алба

«Nvidia» компанийн төлөөлөн удирдах зөвлөл хамтран үүсгэн байгуулагч Женсен Хуангийг компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд эргүүлэн томилжээ.
Арваннэгдүгээр сарын 23-нд санал нэгтэй гаргасан шийдвэр тэр даруй хүчин төгөлдөр болсон байна. Хуанг огцрохоо мэдэгдсэнээс хойш 11 хоногийн дараа ийнхүү компанийн удирдлагад эргэн ирлээ.
Компанийн мэдэгдэлд төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргахаасаа өмнө Хуангтай хэд хэдэн удаа уулзаж, АНУ-ын Засгийн газрын өндөр түвшний албан тушаалтнуудын байр суурийг сонссон гэжээ. Зөвлөл түүнийг эргэн томилох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэж үзсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг шийдвэрийг дэмжиж, Хуангтай ням гарагийн орой ярьсан бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд өөрийн төлөөлөгч оролцсон гэж мэдэгджээ. Трампын хэлснээр, АНУ-ын Ерөнхий прокурор Хуанг хууль бус үйлдэл хийснийг нотлох баримт холбооны Засгийн газарт байхгүй гэдгийг түүнд мэдэгдсэн байна. Трамп мөн экспортын хяналтын журмыг мөрдсөн эсэх талаарх дотоод шалгалтаа үргэлжлүүлэхийг «Nvidia»-д уриалжээ.


















