МҮОНРТ
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Мьянмарт 7.7 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлав

Мьянмар улсын төрийн зөвлөх Аун Сан Су Чи Япон улсад таван өдрийн айлчлал хийж байна. Өчигдөр орой Японы Ерөнхий сайд Шинзо Абэ түүнийг хүлээн авч уулзсан байна.

Б.
Б.Түвшинжаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд Мьянмарт 7.7 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлав
Японы Ерөнхий сайд Мьянмарт 7.7 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлав. Зураг: МҮОНРТ

Мьянмар улсын төрийн зөвлөх Аун Сан Су Чи Япон улсад таван өдрийн айлчлал хийж байна. Өчигдөр орой Японы Ерөнхий сайд Шинзо Абэ түүнийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Шинзо Абэ Япон улс Мьянмарын ардчилсан шинэ Засгийн газарт дэмжлэг тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Тодруулбал, Мьянмарт 800 тэрбум иен буюу 7.7 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг мэдэгдсэн байна. Ирэх таван жилийн хугацаанд Японы энэ тусламжийн хөрөнгийг Мьянмарын есөн мужийн төр, хувийн хэвшлийг дэмжихэд зориулах аж.

Хөдөө тосгодын дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Засгийн газраас дээрх тусламжийг олгох юм байна. Үүний зэрэгцээ Шинзо Абэ Мьянмарт 100 сая америк доллартай тэнцэх иений хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ бага хүүтэй зээлийг Мьянмарын хуучирч муудсан усан цахилгаан станциудыг шинэчлэхэд зориулах боломжтойг ч мэдэгджээ. Япон улсад айлчилж байгаа Мьянмарын төрийн зөвлөх өчигдөр Токио хотноо Япон улсад ажиллаж, амьдардаг нутаг нэгтнүүдтэйгээ уулзсан байна. Энэ уулзалтад мянга гаруй хүн оролцжээ.

Тэрбээр энэ үеэр хилийн чинадад ажиллаж, амьдарч байгаа Мьянмарын иргэн бүр эх орныхоо нэр хүндийг өргөх, гадны хөрөнгө оруулалтыг улс орондоо татахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.

Хуваалцах