МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэг хотод Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал тавив

БНТУ-ын Элчин сайд Мурат Карагозын Архангай аймагт ажиллалаа.

Б.
Б.Мандуул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэг хотод Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал тавив
Цэцэрлэг хотод Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал тавив. Зураг: МҮОНРТ

БНТУ-ын Элчин сайд Мурат Карагозын Архангай аймагт ажиллалаа. Түүний хувьд Архангай айлчилж буй 15 дахь аймаг нь юм. Тэрбээр Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй, дипомат харилцаа, үйл ажиллагааг таниулах үүднээс зөвхөн нийслэлд бус хөдөө орон нутагт ихээхэн ач холбогдол өгдөг байна.

Архангай аймгийн тухайд БНТУ-ын Адана хоттой 2005 онд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоож байсан бөгөөд үүнээс хойш Хашаат суманд байрлах Түрэгийн үеийн Культегиний гэрэлт хөшөө бүхий түүхийн дурсгалыг түшиглэн “Хөшөө цайдам” музей байгуулсан юм.

Түүнчлэн Хархориноос Хөшөө цайдмын музей хүртэлх 45 км авто замыг Тика байгууллагын санхүүжилтээр барьж байсан.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ Элчин сайд Мурат Карагозог хүлээн авч, аймгийнхаа түүх дурсгал, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн онцлогийг танилцууллаа.

Албан уулзалтын хүрээнд Архангай аймаг, Турк улстай боловсрол, бизнес, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд "Архангай аймгаас Түрэгийн үеийн эд зүйлс, үнэт дурсгал ихээр олддог. Архангайчуудтай ижил төстэй олон зүйлс бидэнд бий" гэж онцолжээ. Мөн тэрбээр Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн аль нэгийг Цэцэрлэг хотод байгуулах санал тавьсан юм.

Архангай аймагт хоёр өдрийн айлчлалын хүрээнд элчин сайд МУБИС-ийн харьяа Архангай аймгийн Багшийн сургуулийн оюутнуудтай уулзаж, тэтгэлэг, хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн. Дараа нь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариуллаа. Энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдсан хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах саналуудыг баталгаажуулахаар Архангай аймгийн удирдлагуудыг БНТУ-д айлчлахыг Элчин сайд албан ёсоор урилаа.

Хуваалцах