Монголчууд Тяньжинээс тээвэр хийнэ
Монгол, Орос, БНХАУ-ын нутгаар дайран өнгөрөх транзит тээврийн туршилтын цуваа ОХУ-ын Улаан-Үд хотоос хөдлөөд, БНХАУ-ын Тяньжин боомтод хүрсэн байна.
Мэдээллийн алба

Монгол, Орос, БНХАУ-ын нутгаар дайран өнгөрөх транзит тээврийн туршилтын цуваа ОХУ-ын Улаан-Үд хотоос хөдлөөд, БНХАУ-ын Тяньжин боомтод хүрсэн байна. Ачаа тээврийн шинэ, шинэ коридор нээх энэ асуудал нь 10 гаруй жилийн турш яригдаж, хүлээлт үүсгээд байсан бол гурван улсын төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцсэний үр дүнд биеллээ оллоо.
ОХУ, БНХАУ-ыг холбосон хамгийн дөт зам болох энэ чиглэлээр дамжин өнгөрөх тээврийг тогтмол хийдэг болсноор Азийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал нөлөө үзүүлэх орны нэг болох боломж нээгдэж байна. Ази, Европ хоорондын ачаа тээврийн 90 гаруй хувийг далайн замаар хийдэг. Энэ нь хуурай замын тээврээс, хоёр дахин урт замыг туулж, 2-3 дахин их хугацаа зарцуулдаг байна. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол зам байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрч байгаа.
Тиймээс энэ шинэ чиглэлийг нээснээр эдийн засгийн асар их хэмнэлттэй тээвэрлэлт хийх боломжийг нээлээ. Ази, Европын хооронд далайн тээвэр 45 хоног, төмөр замын тээвэр 10 хоногийн хугацаанд хийгддэг. Тэгвэл манай улсын нутгаар дайран өнгөрөх авто замын шинэ чиглэлээр тээвэрлэлт хийхэд энэ хугацааг 7 өдөр болгон богиносгож байгаа юм.
Д.Батбаатар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал:

БНХАУ-ын Тяньжин боомтод л гэхэд жилдээ 500 мянга гаруй тонн ачаа буудаг байна. Энэ их ачаа эргэлтийг хямд зардлаар богино хугацаанд тээвэрлэх шинэ чиглэлд 3 улсын тээврийн компаниуд гол тоглогч байхыг эрмэлзэх нь мэдээж. Урд, хойд хөршийн эдийн засгийн чадамж, техник хэрэгсэл сайтай том компаниудын сонирхож байгаа энэ бизнест Монголын аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох нь шийдвэр гаргах түвшний яриа хэлэлцээрүүдээс ихээхэн хамааралтай байгаа юм.
Э.Чимэддагва Монгол тээвэр нэгдлийн гүйцэтгэх захирал:

Туршилтын тээвэрт оролцож байгаа гурван улсын төлөөлөгчид БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулагдсан олон улсын Авто тээврийн хуралд оролцсон. Тус хурлаар Монгол Улсын газар нутгаар өнгөрч байгаа транзит ачаа тээврийн замыг засаж сайжруулахад хөрш хоёр орноос туслалцаа үзүүлэх, 3 улсын нутгаар тээвэрлэлт хийхэд ямар бичиг баримтууд шаардлагатай, аль аль цэгүүдэд авто зам ашигласны төлбөр хураах, ачаа тээврийн даатгалыг хэрхэн хийх зэрэг олон чухал асуудлуудыг ярилаа. Уулзалт энэ сэдвээр ОХУ-ын Улаан-Үд хотод үргэлжилнэ.









