АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Мэдээллийн алба

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яам, харьяа байгууллагуудын ажлын явцтай танилцан, дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Төрийн үйлчилгээг шуурхай болгох: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлж буй өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахыг үүрэг болгов. Мөн салбарын цахим системүүдийг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Шатахууны хангамж, нөөцийг нэмэгдүүлэх: Шатахууны нийлүүлэлт, нөөцийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын боломжит эх үүсвэрийг ашиглах хувилбаруудыг судлахаар болов. Тодруулбал “Петро Матад” компанийн олборлосон 70–80 мянган тонн түүхий тосыг дотоодын бага оврын үйлдвэрүүдэд боловсруулж, шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах үүрэг өглөө.
Хайгуул, тусгай зөвшөөрлийн ажлыг эрчимжүүлэх: Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооллогыг дуусгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлнэ. Хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдээс талбайн саналыг цахимаар авах механизмыг бүрдүүлэх,
Хууль, эрх зүйн шинэчлэлийн бэлтгэлийг хангах: Ашигт малтмалын тухай хууль батлагдахтай холбогдуулан дүрэм, журмыг шинэчлэх ажлууд хийгдэж, танилцуулах шатанд явж байна. Нөгөө талдаа хүчингүй болж буй журмуудыг танилцуулах үүргийг өгөв. Түгээмэл тархацтай ашигт малтмал, Газрын тос, Газрын тосны бүтээгдэхүүн болон Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийн ажлыг эрчимжүүлэх
Үйлдвэржилтийн төслүүдийг урагшлуулах: Гангийн үйлдвэрийн сонгон шалгаруулалт, алт цэвэршүүлэх, зэс боловсруулах үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалт болоод холбогдох бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх, мөн Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг тойрсон бодлогын зохицуулалтуудыг тодорхой болгох хүрээнд бусад яамдуудтай уялдаа, холбоотой ажиллах үүргийг өглөө.
Хяналт, хариуцлагыг чангатгах: Уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, осол, зөрчлийг шуурхай мэдээлэх нэгдсэн системтэй болох шаардлагатай онцоллоо. Мөн авлигын эсрэг төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулж, гүйцэтгэлийн аудитын шаардлагыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгов.
Түүнчлэн Монгол Улсын боомтуудын аюултай ачаа тээвэрлэх боломж, эдийн засгийн ач холбогдлын талаар нэгдсэн судалгаа гаргах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх, гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан санамж бичиг, тохиролцооны хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах чиглэл өглөө.
Мөн Ерөнхий сайдын санаачилсан “За бол заавал хий” хөдөлгөөний хүрээнд уул уурхайн салбар дахь аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулж, бодлого төлөвлөгөө гаргаж ажиллах үүргүүдийг өглөө.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хугацаанд нь хангаж, бодит үр дүнгээр тайлагнахыг яам, харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.



















