Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын асуудлаар олон улсын уулзалт Улаанбаатарт болно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын асуудлаар олон улсын уулзалт Улаанбаатарт болно
Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын асуудлаар олон улсын уулзалт Улаанбаатарт болно. Зураг: МҮОНРТ

“Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт” олон улсын дугуй ширээний уулзалт есдүгээр сарын 23-24-нд Улаанбаатар хотод болно. Уулзалтыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж байгаа бөгөөд улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудлыг хэлэлцэнэ.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр бага хурлаар 2025 оны арванхоёрдугаар сард улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигч болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай 11/7 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолыг Монгол Улс, Норвеги, Албани, Гана санаачилж, бага хурлаар зөвшилцлийн үндсэн дээр баталжээ.

Улаанбаатарт болох уулзалтаар энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх арга зам, улс төрийн санхүүжилтийн хяналт, тайлагнал, мэдээллийн ил тод байдлыг практикт хэрэгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм. Мөн улс орнуудын сонгуулийн байгууллага, авлигатай тэмцэх болон аудит, санхүүгийн хяналтын байгууллагуудын туршлагыг солилцоно.

11/7 дугаар тогтоол нь улс төрийн санхүүжилтийн чиглэлээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын хүрээнд тусгайлан баталсан анхны тогтоол бөгөөд хандивлагчийг ил тод болгох, улс төрийн санхүүжилтийн тайланг нийтэд мэдээлэх, хяналтын байгууллагын хараат бус байдал, хариуцлагыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хамардаг.

Уулзалтад сонгуулийн удирдлага, хяналтын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, санхүүгийн мэдээллийн алба, аудитын байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллага болон улс төрийн намуудын төлөөлөл оролцоно. Зохион байгуулагчдын мэдээлснээр олон улсын 40 гаруй, дотоодын 70 орчим буюу нийт 110 гаруй оролцогч оролцохоор мэдэгдээд байна.

Хоёр өдрийн уулзалт нэгдсэн хэлэлцүүлэг, мэргэжилтнүүдийн сэдэвчилсэн хуралдаан болон хяналтын байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн зэрэгцээ хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ.

Хуваалцах