Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
Мэдээллийн алба

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон тус сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна.
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 18 хувьд нэн их, 28 хувьд их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 5 хувьд хүндрэлгүй байхаар байна.
Тухайлбал, мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөв гарчээ.
Иймд мал өвөлжилт хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.


















