Шууд Chart

Лүнрэг Эш Төмөр: Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулна

2015-02-24 13:32:11

“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор Лүнрэг Эш Төмөрийг урьж ярилцлаа. Тэрбээр шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаа юм.

-Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

-Миний бие лүнрэг буюу Эш Төмөр байна. “Монгол шүтээн” төвийн тэргүүн, айлдлын багш, гүн ухаан шашин судлаач.  “Даян дэлхийг засах Монгол ухаан” хэмээх дөрөв бүлэг бүхий 100 цуврал айлдвар лекцийг Монгол орныхоо 21 аймаг, сум, суурин газар, Улаанбаатар хотноо орон даяар түгээн дэлгэрүүлж байна. Энэ айлдварууд маань Монголчуудын сайн сайхан, зоригтой зорилготой, итгэлийн галтай амьдрахуйн тухай айлтгал, сургаалууд байгаа юм.

- Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаа. Энэ талаарх мэдээллийг өгөөч?

- “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүн маань уламжлал ёсоор шинийн найман буюу 2 сарын 26-нд Төмөр замын соёлын ордонд болно. Арга хэмжээгээр зурхайн зурлага гэж юу вэ, зурхайн зурлага бидний амьдралын хэмнэлд ямар үр нөлөөтэй вэ гэдгийг таниулах юм  Цаашлаад “Мухар сүсэг, Дам сүсэг” гэх ойлголтын талаар ярихаар бэлтгээд байна. “Монгол шүтээн” төв маань шашин номын арга хэмжээг олон удаа үнэ төлбөргүйгээр зохион байгуулсан. Оноос өмнөхөн буюу арван сард “Буян, Заяан дэлгэрэхүй” хэмээх цэнгүүн, 11 дүгээр сард “Говийн Лха бурханы сан тахилга оршвой” хэмээх шашин номын цэнгүүнийг Улаанбаатар болон Говьсүмбэр аймгуудад, саяхан 2 сард “Жаргал өөд тэмүүлэх бодь сэтгэлийг цогцлоохуй” айлдвар сургаалиа Эрдэнэт хотод тус тус үнэ төлбөргүй зохион байгууллаа. Одоо 100 цувралынхаа 16 дахь айлдвар сургаалийг шинийн 8-нд зохион байгуулах гэж байна.

-Шинийн 8-ний айлдвар сургаалийг зорьж ирэх гэж байгаа хүмүүс юу сонсож, мэдээд буцах вэ. Энэ талаар жаахан дэлгэрүүлж болох уу?

-Энэ өдөр ирсэн хүмүүсийн хувьд тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр тасалбараа худалдан авна. Эхлээд миний бие хонь жилийн ноён нуруу, хонь жил ямар хүмүүст ээлтэй вэ, ямар хүнд харш муу болоод хэрхэн засал номоо хийх талаар сургаал айлдвараа толилуулна. Дараа нь мухар сүсгээс ангид байх тухай, сарны 28 уялга од, тэр нь хүмүүсийн аж амьдрал, ахуй байдалд хэрхэн нөлөөлдөг тухай шашин болон шинжлэх ухаан талаас нь ярина. Мөн сүсэгтэн олноо зориулан ном хурж СТА дуучин Ж.Хишигдэлгэр, Ж.Хишигсүрэн, О.Баяржаргал морин хуурч СТА М.Алтанбат, Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадаг өргөн барина. Мөн хүрэлцэн ирсэн хүмүүсийн засал номыг хийж дуусаад “Дончидийн эрдэнийн үрэл” хайрлах юм. “Дончид”- ийн эрдэнийн үрэл гэдэг бол жаргалтай Жагарын орон буюу Энэтхэгээс тусгайлан залж авчирсан нэгэн зүйл үр юм. Түүнчлэн арц, арвай, сахиус тэргүүтнийг түгээнэ. “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүн маань шинийн наймны орой 18:00, 20:00 цагуудаас 2 удаа зохион байгуулагдана. Сүсэгтэн олон та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9985-8084, 9977-9255, 9977-8366 утаснуудаас авч болно.


  Хүн бүр “МӨНХ ГАЛ”-аа асаах хэрэгтэй

-Монголчууд засал номоо шинийн 15 хүртэл хийлгэдэг. Танай “Монгол шүтээн”-төв засал номын ажил зөвхөн шинийн найманд болоод дуусах юм уу?

-Бид шашин номын арга хэмжээгээ шинийн 8-нд Улаанбаатар хотод, шинийн 10-нд Дархан хотод, Шинийн 15-нд Эрдэнэт хотод зохион байгуулна. Одоо засал номын үйл өдөр тутам явагдаж байна. Ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулж буян номын үйлээ бүтүүнээс эхлээд хийж байна. 

Манай төвийн зорилго бол сүсэгтэн олныг цуглуулаад мөнгийг нь хураагаад ном уншиж өгөх биш юм. Эх хэлээрээ ном уншлагаа уншихийн зэрэгцээ зөв сайн амьдрахуйн тухай лекц, айлдвараа толилуулахад чиглэгддэг. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд  шашин номын айлтгал, сургааль лекцээ ард түмэндээ зориулан хүргэсээр одоо 16 дахиа хүргэх гэж байна. Сургаалийн агуулга маань “Хүн өөрөө амьд бурхан юм. Гэвч өөрсдөө санаатай болоод санаандгүйгээр гэм нүгэл үйлддэг. Нисванисын хор хорлолд байнга өртдөг.

Тэгэхээр гэм нүглийг хүн алга урвуулахын адил нэг өдөрт ухаарч ариун сэтгэлтэй болж чадахгүй. Ариун сэтгэлтэн болохын тухайд 1 ээс 12 жилийн хугацаанд үе шаттайгаар ухаарсаар “ГЭГЭЭНТЭН” болж чадна. Үүнийг л хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаанд нь авшигаар дамжуулан хүртээхийг хичээдэг. Хүн нэг өдөр л архи уухаа больж, худлаа ярихаа болиод төгс хүн болж чадахгүй. Тиймээс энэ бол 1-12 жилийн хугацаанд хүмүүний оюун ухаанд шигтгэн байж хэрэгжүүлэх зүйл л дээ.

Ингэснээр зөв, сайн төлөвшилтэй, бүтээлч хүнийг олноор дахин төрүүлэх юм. Удаад нь анагаах ухааныг эрхэмлэж, эрүүл байхын тулд өөрөө хичээх хэрэгтэй. Заавал шашин ном гэж туйлшрахгүйгээр анагаах ухаанч байх хэрэгтэй. Тухайлбал: бие махбод нь өвддөг хүн ном уншуулж засал хийлгэхийн зэрэгцээ эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэж, эмчлүүлж байгаасай. Өнөөдөр аль ч хийдийн лам хуваргууд хүмүүст ном уншиж өгөөд сүсэгтэй байхыг л уриалаад байдаг болохоос бие нь өдсөн хүнийг хэзээ ч эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж зөвлөдөггүй юм. 

Харин бид нар “Та өвдсөн бол эмнэлэгт оч. Өвчинөө оношлуул, эмчлүүл давхар бид нараар засал номоо хийлгэ” гэдэг. Таны эрүүл сайхан биед саруул сайхан ухаан орших учиртай. Та эрүүл байж гэмээнэ хамаатан садан, хань нөхөддөө болоод улс эх орондоо маш том буян хийж байгаа хэрэг гэдгийг хэлээд өвчин эмгэгт шаналж яваа нэгнийг эмнэлэгт очихыг зөвлө, эмчлүүлэхийг шаард гэдэг л дээ.   

Бидний хөнддөг бас нэг зүйл бол мухар сүсэг. Монголд энэ зүйл хаяагаа тэлчихсэн байна. Нэг жишээ яръя. Эрдэнэтэд явж байхад нэг хүн “Бурхан буддагийн зургийг хулгайлж авбал сайн байдаг гэл үү” гэж асуусан. Тийм зүйл хаана ч байхгүй. Үүнийг л мухар сүсэг гээд байгаа юм. Буруу ойлголттой хүн олон байдаг.

Тиймээс миний бие эдгээр ойлголтуудыг Монгол орныхоо 21 аймаг, сум сууринд толилуулаад энэ жилдээ Монгол орноо тойрох зорилттой байгаа. Ирэх 12 дугаар сараас Европ, бусад орнуудаар айлдвар сургаалиа ярьж эхлэх байх. Хамгийн эхний лекцийг Италид уншихаар товлоод байгаа. 2016 оны эхээр Японд уншихаар төлөвлөгөөтэй байна. Мөн туурга тусгаар Монголынхоо ахан дүүс Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад зон олондоо сургаалиа толилуулна.

Ингэж ярих, айлтгах зүйлд маань “Гурван гал” хэмээх том ойлголт бий. Өөрөөр хэлбэл хүн энэ амьдралдаа гурван удаа гал асаадаг. Эхний галыг эхийн умайгаас унаж энэ орчлонд мэндэлсэнээр асааж байгаа юм.  Энэ асаасан гал төрсөнөөс үхэх хүртэл ассаар байх буюу “амь гал” юм. Удаах галыг монголчуудын өвөг дээдэс “Эрдэм гал” хэмээн нэрийдсэн нь бий.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг их диплом гэрчилгээ авч, доктор болох гэсэн санаа биш бөгөөд ухаан сууж, “мэдээ орсон цагаас” гэж хэлдэг дээ. Ухамсрын түвшинд хүрэх, зан төлөвийн хүмүүжилтэй болохыг хэлж байгаа юм. “Эрдэм гал”-ыг хүн бүр 13 насандаа асаадаг. Энэ нь хүн нэг үеийг элээж, 13-ны жил ордог үе. Энэ үеэс амьдрах ухаанд хөл тавьж эхэлдэг байна. Эрт үеийн эх сурвалжуудаас харахад өдий насанд л сүй тавих, ураг барилдуулах зан үйл товлогддог байж. 

Өөрөөр хэлбэл “Чи 12 нас хүртлээ хурга, ишиг хариулаад, тоглож наадаж өслөө. Одоо 13-тай болсон тул гэр бүл, овог аймаг, улс эх орныхоо тусын тулд амьдрах болжээ” гэж өнөөгийнхөөр бол үүрэг хүлээлгэж байгаа хэрэг. Гурав дахь галыг “мөнх гал” хэмээнэ. Энэ маань мөнхөд дуурсагдах үйлийг хийх, гавьяа зүтгэл гаргахыг хэлж байна. Энэ галыг асааж гэмээнэ алдар гавьяагаа даян дэлхийд мөнхөд дуурсгах учиртай. Мөнх галыг асааж алдар сууд залрах нь хэн шиг байх вэ гэвэл Эзэн богд Чингис хаан, Модун шанью, Атилла, Богд хаан, Мандухай хатан, Бямбын Ренчин гэдэг ч юм уу, ийм хүмүүс дэлхий дахины сонорт хүрсэн үйл хэрэг бүтээхийг хэлж байна. 



Харин тэдэн шиг “Мөнх гал”-ыг өнөө цагт хүн бүр, тэр дундаа Монгол хүн заавл асаах хэрэгтэй. Бидний дунд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, 1700 жилийн түүхтэй Японы үндэсний спортын оройд гарсан М.Даваажаргал шиг “МӨНХ ГАЛ”-аа асаах хэрэгтэй. Хэр олон хүн дэлхийн тавцанд хөл тавина төдий чинээ Монгол Улс мандан бадрах учиртай. Бидний “Даян дэлхийг засах ухаан” эдгээрийг болоод “гурван гал”-ын тухай үзэл баримтлалыг түгээж явдаг.  Дэлхий дахины анхаарлын төвд байдаг Далай лам шиг, Путин шиг, Марк Цукерберг шиг хүмүүс Монголд олноор төрж даян дэлхийн иргэн болох хэрэгтэй.

-Та хэчнээн шавьтай вэ?

-Номын шавь гэж ярих юм бол 21 аймагт 4000-5000 шавь бий. Түүнээс гадна ном сургаал, суртлыг маань дагалдаж түгээн дэлгэрүүлдэг, үйл хэрэгт оролцдог ойрын шавь гэвэл нэг зуу орчим хүн байна.  Дээр нь Англи, Франц, Герман, Америк, Япон гээд олон орноос намайг багшаа гэдэг шавь нар бий, бүүр Африк гаралтай хүн ч бий. Тэд маань сургааль, айлтгал тавиулахаар эхнээсээ уриад байгаа.

-Таны сургаал ном юунаас эх сурвалжтай, ямар бүтэцтэй байдаг вэ?

-Ерөнхийдөө дөрвөн үндсэн бүлэг бүхий 100 сэдэвт лекц сургааль бий. Эхний бүлэгт “заяагч” буюу хүнд төрөлхөөс бий болсон зүйлийг сэрээх чиглэлийн зүйлсийг багтаан оруулсан. Сүүлийн бүлэгт байхгүйг /зан төлөв, ухамсар/ төлөвшүүлэх, тогтворжуулахад чиглэсэн байдаг. Энэ бясалгал, нямба хийх энгийн аргуудыг л мэдээд авчихвал хүн бүр бясалгал хийх боломжтой. Бясалгал гэдэг нь өөрөө бодь сэтгэлийг цогцлоох явдал шүү дээ. Энэ нь амьдралын, хэрэглээний олон сэтгэлийн дарамтаас хүн өөрөө ангижрах явдал. Сэтгэлзүйч гэдэг мэргэжил цөөхөн учир хүмүүс ламыг зорьж очоод байдаг. Цэвэр агаарт явах, сайн унтаж амрах, уул хангайд гарах зэргээр хүний хийморь сүлд нөхөгдөж байдаг.

-Эрдэнийн үрлийг олон янзаар хэрэглэдэг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Эрдэнийн үрэл гэдэг нь ариун модны үр жимснүүд шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар нэг шинжлэх ухааны байдлаар гаргаж авсан зүйл биш. Гүн ухааны цаад зүйл нь сэтгэл засалтай ойр юм. Хүртэж уухдаа хамаг л сайн сайхныг бодож уух ёстой. Ховор байдаг зүйл бөгөөд бас нэг эмийн ургамлын төрөл зүйл гэж ойлгож болно. Мөн нэг зүйлийг хэлэхэд монголчуудын маань өвөг дээдэс 3000 гаруй тарнийн ухаан, гүн ухаан гээд  олон ухаан шингэсэн номыг Түвд хэл дээр зохион эргэлтэнд оруулж өгсөн. Гэтэл тэр номнуудыг нь одоо бидэнд Түвд хэлээр уншиж өгөөд байгаа юм. Манай шашин номын хөгжил нүүрэн дээр маш их дэлгэрээд байгаа хирнээ үндсэн агуулгаараа хөгжил нь удаан  байна. Англи лам хуврагууд ном судруудыг орчуулаад өөрийнхөө хэл дээр уншиж байна. Бид ч гэсэн өөрийнхөө эх хэл дээр унших ёстой. Хүн уншуулж байгаа номныхоо утга учрыг ойлгоод түүнийгээ амьдралд хэрэгжүүлж байж л засал ном илүү үр дүнд хүрнэ.

-Та номынхоо эх үндсийн талаар уншигчдад танилцуулаач. Үүний тулд өөрийнхөө талаар бас илүү дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байх л даа?

-Би гүн ухаан, шашин, шүтээн судлаач хүн. Аливаа шашины ном, судар, сургаалыг бүгдийг нь нягтлан үзээд гүн ухааны талаас нь хүмүүст илүү ярьж, ойлгуулахыг хичээдэг. Хүмүүсийг амар амгалан болоод сайн сайхан амьдрахын тухайд бол хүн бүр л ярьдаг, сурталдах байх. Хамгийн гол нь Монголчууд дайчин зоригтой, агуу том зорилготой байх хэрэгтэй. Би “Хутагт номын чанар” ерөөл айлдалын номоо бичээд сая дууслаа. Энэхүү номонд Монголд, дэлхий дахинд тохиох томоохон үйл явдлуудыг эш, бошиглон бичсэн. 

-Зөгнөсөн гэсэн үг үү?

-Тийм, эш, бошго тогтоосон гэсэн үг. Гудамжинд явж байхад эсхүл Эрдэнэтэд  юмуу Хонг Конг, Шинжаанд явж байхад л тэнд юу болох нь тааварлан мэдрэгддэг.  Түүнийгээ хойч үедээ зориулан бичсэн. Энэ номонд Монголынхоо тухай илүү их  оруулахыг хүссэн. 2016 оноос 2061 оны хооронд Монголд юу тохиолдох вэ гэдгийг тодруулан бичсэн л дээ. 

-2016-2061 он хүртэл болох үйл явдлуудыг бошголсон гэхээр сонирхолтой санагдаж байна. Та жишээ болгоод заримаас нь дурдаж өгөөч?

-Энэ хооронд сайн болон саар маш олон үйл явдал болно. Ган зуд, кибер халдлага, эрэл хайгуул, гээд л. Монголд асар том хэмжээний түүхийн олдвор олдох, газар нутгийн маргаан гэх мэт маш олон үйл явдалууд болно. Дараагийн Ерөнхийлөгчийн дүр төрхийг хүртэл тодорхойлчихсон байгаа. Яагаад 2016 оноос эхлүүлж байгаа гэхээр Монгол Улс 1206 онд мандан бадарсан. 1206 оны дээд давтамж нь 2016 он. Дэлхийн эрдэмтэд ч тэгж үздэг. 1206 онд нарны идэвхжил ямар байсан, одоо яг энэхүү идэвхжил хүчтэй болж байгаа. Үүнийг би хэлж байгаа, мэдэж байгаа юм биш.

Геофизик, судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд ч хэлж байна. 1206 онд Чингис хаан дэлхийг эзлээд хүчирхэг сайхан явах үед түүний эзлэх гээд очсон орон бүрт ган зуд, өлсгөлөн болж, царцаа шувууны нүүдэл, үймээн самуун болчихсон байдаг байж. Гэтэл яг тэр нарны идэвхжил нь хэдэн жилийн өмнөөс дахиад эхэлчихсэн гэж байна. Би үүнийг сонсоод маш их баярласан. Тэгээд л номдоо нарны идэвхжил эхэллээ гээд уриалга оруулсан.

-Дахин давтагдаж байгаа тэр идэвхжил нь монголчуудад хэр ашигтай юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд шинжлэх ухаан талаасаа Монголд нарны идэвхжил нь илүү их нөлөөтэй гэсэн.  1206 онд ч тийм байж, одоо цагт ч тийм байна. Энд мухар сүсэг огт байхгүй.  Энэ бүгдийг гаргаж ирсэн, судалж байгаа эрдэм шинжилгээний ажилтануудтай уулзсан ч болно. Нэгэнт нарны идэвхжил эхэлж байгаа энэ үед бид нар морио унаад, сэлмээ бариад дэлхийд гарч чадахгүйгээс хойш хий морио унаад оюун ухааны нум сумаа агсаад бүтээж босгоё гэдэг зүйлийг л яриад байгаа юм. Монголчуудын оюун ухааны сэргэн мандал нь одоо эхэлчихсэн. Цаанаасаа байгаль орчин, од эрхэс нь хүртэл ивээж байгаа. Тийм учраас би номдоо 1206, 2016 он гэж тодотгосон байгаа юм. 2016-гийн дахиад нэг хувилбар нь 2061 он. 2061 онд Монголд дахиад нэг хувьсал эхэлнэ.

-Зөгнөл гээд ярихаар хүмүүс ихэвчлэн Вангагийн тухай ойлгоод байдаг... 

-Миний чадвар бол тэд нарын дайд хүрэхгүй юм байна лээ. Би аль газарт, хэдий үед, ямар байр суурьтай байгаагаас хамааран үйл явдлын торгон мөчүүд өөрөө тодордог. Миний харсанаас хамгийн цаадтай нь 170-180 жил л байгаа. Түүнээс цааш оюуны түвшин маань яагаад ч хүрэхгүй юм билээ.

 

-Очиж үзсэн гэдэг үг их анхаарал татаж байна. Та ирээдүй рүү очиж үзсэн гэсэн үг үү?

-Монголчууд эрт цагт мэдэмсэр ухаан гэдэг үгийг их хэрэглэдэг байсан. Яг үнэндээ монголчууд тэнгэр шүтдэг, бурхан шүтдэг, эсвэл дайн тулаандаа гаргууд сайн байсандаа биш харин байгалийн үзэгдлийг өөрийн талд эрхшээн ашигладаг, мэдэмсэр ухааныг сайн хөгжүүлсэндээ л хүчирхэг байсан байх. Үүнийг байгалийн зөн билэг гэх байх л даа. Тэгэхээр хөгжүүлж чадах юм бол энэ байгаа цаг үеэсээ өөр аль ч цаг үе, орон зайд нэвтэрч хүрч чадна. Энд бие махбод нь сууж байгаа ч оюун ухааныхаа хүчээр 100 жилийн өмнөх үйл явдалд татагдан орно гэсэн үг.

Монголчууд бид их зөнтэй, зөн совинтой улс. Гэхдээ энэ чадвар дан ганц Монголчууд төдийгүй Энэтхэг, Түвдийн шидтэн багш, хувилгаадад ч гэсэн байдаг. Арга зам нь материаллаг ахуйгаасаа хөндийрч оюун ухаанаа дээд зэрэгт төвлөрүүлж чадсан хүн ирээдүйд болох үйл явдлуудыг билгийн нүдээр, билгийн хүчээр харж чадаж байгаа утга юм. Би бас төгс байдлаар мэдэмсэр ухааныг хөгжүүлж чадаагүй л байна. Энэ чинь наад зах нь мөнгөний ахуйгаас тасарч агуй хаданд олон жил нямба үйлдэн номын хүчээр л хийх зүйл. 

-Манай монголчууд бөө, лал, христ, мүүн гээд л олон шашин шүтэж байна. Таны хувьд энэ олон төрлийн шашинд хэрхэн ханддаг вэ?

-Аливаа шашин шүтлэг гэдэг бол хүнийг сайн сайхан амьдруулахын тухай зорилтот гүн ухаан юм. Нэг талаасаа жам ёсны тухай гүн ухаан нөгөө талаасаа ёс суртахууны номлол юм. Хэдэн жилийн өмнө Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам төрийн зайран Бямбадоржыг Энэтхэгт очоод байхад нь хажуудаа залж суулгасан юм гэдэг. Тэгээд Далай лам хүн төрөлхтний оюун ухааны эх сурвалж болоод шашин шүтлэгийн эх суурь нь бөө мөргөл гэж хэлсэн байдаг л даа. Бөө мөргөлөөс бүх шашин шүтлэг салбарлан үүссэн болов уу гэж хувьдаа бодож  байна. Хүн ямар ч шашин шүтэж болно, ямар ч бөө удган, лам хувраг, пасторт итгэдэг, очдог байж болно. Энэ чинь хүний шашин шүтэх эс шүтэх эрх юм. Миний хувьд хүн ардад зөв, сайныг тунхаглан яваа хэнийг ч багш мэт хүндлэх болно, буруу зөрүүг дэлгэрүүлсэн хэн ч буг мэт л үзэгдэнэ дээ.

-Та хаана эрдэм боловсрол эзэмшсэн бэ?

-Би Монголдоо шашин судлаачаар суралцаад дараагаар нь Энэтхэг, Хунань, Хонгконгт номын дуу сонссон. Монголын их хүрээ хийдэд сууж байсан ч зарим нэгэнтэй нь таарахгүй юм билээ. Ном уншиж засал хийхийг, хүнээс мөнгө авахыг урьталд үзэж сураагүй. Жишээ нь зурлага зуруулсан хүндээ та ном уншуулах шаардлагагүй, таны эрч хүч энерги сайн байна, хийморь сүлд өөдөө байна гэхээр зарим нэг лам нар жаахан тиймэрхүү байдаг. Гэхдээ буян номын хүмүүс учраас намайг хүндэлдэгт баярлаж явдаг. 


Оюун ухаан, үйлдэл хоёр зөрөх юм бол тэр мухар сүсэг болно

-Сүсэгтэй холбогдуулан нэг зүйл асуумаар санагдлаа. Төв аймагт “Ээж хад” гэж шүтээн бий. Монголчууд жинхэнэ утгаар нь сүсэглэж чадаж байна уу?

-Энэ бол бодитой буюу бидэнтэй зэрэгцэн буй ертөнц юм. Бид ер нь олон хэмжээст ертөнцөд амьдардаг. Бид дүрстийн ертөнцийн хүмүүс. Харин үл дүрстийн ертөнцөд маш олон төрлийн сүнс ахуй оршдогийн нэг хэлбэр нь Ээж хад. Ээж хадны хувьд амьтай, эзэнтэй, сахиустай. Энэ орчлон чинь өөрөө газар, ус, огторгуйн эзэдтэй бүгдээрээ биднийг харж, сонсож, чагнаж байдгийм. Ойр орчмыг нь цэвэр цэмцгэр байлгаж, чин сэтгэлээсээ сүсэглэж чадвал хүн бүгдэд ач тусаа өгөх нь дамжиггүй ээ.

-“Монгол шүтээн” цогцолбор барьж байгаа. Энэ талаар тодруулбал?

-Төв аймгийн Баянцогт суманд манайх “Монгол шүтээн” төвөө байгуулж байгаа. Энэ цогцолбортоо Монголын ард түмэн эрт цагаас эдүгээ хүртэл ямар шүтээн шүтэж байсан бэ гэдгийг шинжлэх ухаан судалгааны үндсэн дээр түүхэн он цагийн дарааллын дагуу байрлуулж харуулах юм. Бясалгалын өргөө, Номын өргөө, Үзмэрийн өргөө буюу музей, Ихэс дээсийн өргөө гээд нэлээд томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа. Цогцолбортоо ард түмнийхээ оюуны соёлыг мөнхжүүлж бүтээсэн бүтээл, туурвилуудыг дээдлэн залах юм. 

-Хүмүүс зарим шүтлэгтэй газраас чулуу, холтос гэх мэт зүйлсийг авдаг. Энэ нь эд баялгийг арвидуулж, аз хиймор авчирдаг гэж үздэгтэй холбоотой гэж сонсож байсан. Энэ ямар сүсэг нь вэ?

-Ембүү хаднаас жаахан чулуу ховхолж аваад түрүүвчиндээ хийчихээр эд хөрөнгөтэй, баян болно гэж би бодохгүй байна. Энэ мухар сүсэг. Гэхдээ тэр хүн чулууг яг юу гэж бодож авсанаас учир нь улбаатай. Өнөөдрөөс эхлээд түрүүвчинд минь их мөнгө орж ирэх болтугай, эд хөрөнгө минь арвижих болтугай гэж шороо чулуу, холтос авч байвал энэ нь сүсэг бишрэл болно. Тэгэхгүйгээр хүмүүс түрийвчиндээ хийдэг юм билээ, сайн юм байх гээд шороо чулуу холтлон авах нь мухар сүсэгтэн болчихно. Товчхондоо оюун ухаан, үйлдэл хоёр зөрөх юм бол мухар сүсэг болно. Өнөөдөр ном уншуулчихаад гараад л хараалаа хэлээд, худлаа яриад л байвал тэр хүнд  мянган сайн ном айлдаад ч нэмэр, тус болохгүй.

-Лам нар засал номыг ихэвчлэн төвдөөр уншиж байдаг. Үүнийг монгол руу хөрвүүлж уншиж болдоггүй юм болов уу?

-Бололгүй яах вэ. Харин ч билэг ерөөлтэй явдал юм. Миний хувьд аливаа ном, судрыг эхлээд монголоор уншдаг. Дараагаар нь төвдөөр уншдаг. Эх хэлээрээ уншихаар хүмүүс их сонирхдог бас уншиж байгааг нь сонсох гээд байдаг /инээв/. Ер нь эх хэлээрээ унших нь засал ном сайн хүрээхийн дээр номын утгыг гаргах, ойлгуулах давхар ач холбогдолтой. Сүүлийн үед сүм хийдүүд эх хэлээрээ уншдаг болж байгаа нь сайшаалтай хэрэг шүү.

-Та ард олондоо сайхан ерөөл айлдаач?

-Монгол төдийгүй даян дэлхийн хүн ард “хүслийн тэнгэр” хэмээгч хонин жилдээ эрүүл энх байж аливаа ажил хөдөлмөрийг зөв сайнаар сэтгэж, бүтээх болтугай.
Монгол айл бүрийн гал голомт нь ариун, ноён нуруу нь тэгш байж, гурван галын эрдэмд төгс суралцаж, өнөр өтгөн машид олуулаа байх болтугай. Эд баялаг, мөнгө төгрөг, машин унаа ахин олдоноо, эрүүл мэнд олдохгүй. Тиймээс эрүүл саруул байхад шунан тэмүүлж хамтдаа даян дэлхийг Монгол оюунаар удирдан залцгааяа.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Лүнрэг Эш Төмөр: Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулна  
Үзсэн: 8749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
148.60.83.xxx [148.60.83.xxx] 2015-02-28 17:04
Emneh olon juun jiliin amidarch irsen Mongolchyydiig doromjloh setgel ta nart baihgyi syy!!!Ted men tenegyyd baisan yy?ta nariin ezeg ehchyyd!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!hol ochij hyzaj borgooroi!!!dyrst tenegyyd ee!!!!archaagyi banzaluud!!!!!!!!amia hicheesen,Elbegdorj sigee!!!tenegyyd!!!!!!!!!!!!!
148.60.83.xxx [148.60.83.xxx] 2015-02-28 17:02
sohorson ard tymen menge salgah arga gej hyzah baih daa!!!daanch teereldej dee!!!!buyanaaraa bol?????????nobsnyyd aa
148.60.83.xxx [148.60.83.xxx] 2015-02-28 17:01
Ene bol gaihamsig uhaantnyyd ni zyglardag yum daa!!tenegyyded ene chag hygazaa algasana,ychir ni yhaan ni byryy nomiin saltgaanaar,bydliu setgeleer heneeleer hezeech oirtohgyi zaabal ch ygyi hendiireed baidag hoino doo!!!!!!!!!!zeb mergen yabbal chini byrhan tyslana!gehdee byrhan geed tiim asar tom gegeen dyr byyj irehgyi zebhen setgeld chini gegee nemne!!!!!!!!iimees byryy yzeleen hayj zeb yabahiig hchee!!!!!!!!!!ardyyd aa!!!
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-02-27 17:02
Хүний мөнгийг салгах гэж далд луйвар хийдэг, гэмгүй царайлсан, амны фигуртай, иймэрхүү зальжин нөхдөд бүү мэхлэгд.
88.172.210.xxx [88.172.210.xxx] 2015-02-25 17:49
Ene heden lam nar tolgoi erguulj mungu oldogoo bolih heregtei
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-02-24 19:05
peeee bazar waaania

Бидэнтэй нэгдээрэй