Шууд Chart

Дэд хамба Г.Мөнхбаяр: Үхэр хариулаач нь өвгөн хүн байгаа учир настнуудад ээлтэй жил байна

2015-02-18 14:02:19

Бид энэ удаагийн “Редакцийн зочин”-оор Дэчинравжайлин хийдийн дэд хамба Г.Мөнхбаярыг урьж ярилцав. Бидний ярилцлага сар шинийн баяр, ёс уламжлал, XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн зурхайн зурлагын талаар өрнөсөн юм.

“Галзууруулагч” гэж байгаа юм чинь олон хүн галзуурах нь гэж ойлгож болохгүй
 
-Монголчууд Цагаан сарыг хэдий үеэс тэмдэглэж эхэлсэн юм бэ?
-Монголчуудэрт дээр үеэс нүүдлийн соёл иргэншилтэйгээ холбоотойгоор Цагаан идээний баяр гэж намрын сард тэмдэглэж байсан түүхтэй. Чингис хааны үеэс эхлэн хавар тэмдэглэж ирсэн. Цагаан сараар баярлаж цэнгэхээсээ илүүтэй тэр жилийн ажил үйлс, зам мөр, сайн сайхан явахерөөл тавьж, буян хураадаг наадамгэж би ойлгодог. Үүнээс гадна Цагаан сар бурхан шашинтай яалт чүгүй холбогддог. Яагаад гэхээр Бурхан багшийн их дүйчин өдөр хаврын тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Тиймээс монголчууд шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэдэг уламжлалтай.Засал номыг шинийн 15-ны хооронд хийлгэвэл буян маш их арвиждаг.
 
-Шороон үхрийн зурлага ямар гарсан байна вэ?
-Үүнийг ярихаас өмнө жилийн ерөнхий өнгийг хэлэх хэрэгтэй болов уу. XVIIжарны хөхөгчин буюу модон хонин жилийн ерөнхий өнгө нь элбэг дэлбэг сайхан жил болно гэж буусан. Жилийн эхээр цас, бороо элбэг байх юм байна. Хүмүүс бие биеэхүндэтгэж чадвал эв эе бат байна. Хүнийг хүндэтгэж байж л бусдын хүндэтгэлийг олдог юм шүү. Хүнийг халамжилж байж л хайрлуулдаг гэдэгтэй яг адилхан.Бурханы шашинд ч хүртэл энэ философи байна.Бид Цагаан сараар алсаас ч гэсэн зориод аав, ээжтэйгээ очиж золгодог шүү дээ. Очиж золгоё гээд бодох төдийд л буян хурааж байгаа юм. Харин биелээд ирэхээрээ бодит буян хурж байна гэсэн үг.
Шороон үхрийн зурлагын хувьд улирал бүхний эхээр хуртай учиржилийн дундуур өвс ногоо, идээ ундаа дэлбэг болно гэсэн байгаа. Үхэр хариулаач нь өвгөн хүн байгаа учир настнуудад буюу төрийн түшээдэд ээлтэй, идэр залууст жаахан ширүүн жил гэж байгаа юм.
 
-“Галзууруулагч”, “Согтууруулагч” хонь жил гээд хоёр янзаар хэлээд байна. Энэ тодотголын тухай манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
-“Галзууруулагч” гэж байгаа юм чинь олон хүн галзуурах нь гэж ойлгож болохгүй.“Согтууруулагч”, “Галзууруулагч” гэдэг нь төвдөөр нэг үг юм. Ард түмэн үүнийг хүндрүүлж ойлгох хэрэггүй гэдгийг хэлье. Тэр битгий хэл, “Цусаар бөөлжигч” гэж ч байдаг юм. Энэ мэт үгийн тухайд арай өөрөөр ёгтолсон юм уу, хүндэтгэлийн нэрээр нь хэлье гэж би нэг багшаасаа асуусан. Багш маань дэмжсэн. Жишээ нь, цус гэхийг “Шүрээр бөөлжигч” юм уу, “Шунхаар бөөлжигч” гэж болно.Жил бүр шар зурхай, Төгсбуянтын зурхай гээд маргаад байдаг. Энэ ч гэсэн маргаад байх зүйл биш. Нарийндаа шар зурхай гэдэг нь манай газар нутагт зохицохгүй юм. Бидэнд бол Төгсбуянтын зурхай нь илүү ойр шүү. Нэг хэсэг зурхай тасарчихсан байж байгаад 1962 оноос буцааж сэргээсэнбайдаг. Хэдийгээр хэлмэгдүүлэлтийн үеэр устчихсан ч хүмүүсийн сэтгэл дотор бол байж л байсан. Одоо улам их хөгжиж, бадран дэлгэрэх байх.
 
-Шинийн нэгний өглөө монголчууд мөр гаргах ёс үйлддэг. Хэдээс хэдэн цагийн хооронд мөр гаргах ёстой байдаг юм бол. Хүн бүр мөр гаргах ёстой юу?
-Мөр гаргах зан үйл социализмын үед ч байсан зүйл. Энэ үйл нь ялангуяа эрчүүдийн хувьд их чухал. Тэр жилийнхээ хиймор лундааг сэргээж, өнгөрсөн жилийн цээрээ арилгаж, хангай дэлхийн лус савдаг, эздэд хүндэтгэл үзүүлж, амь амьдралаа даатгаж байгаагийн шинж юм.Бурханышашинд битүүний орой Цэдэр Лхам гэх номыг шөнөжингөө хурдаг. Лхам сахиус гурван мянган ертөнцийг үүр хаяарах үеэр эргэдэг. Тиймээс өглөө ирэхэд нь шинийн балинг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Яг тэр үед нар мандаж байдаг учраас нарандаа хүндэтгэл үзүүлдэг.
Цээр арилгах ёслол заавал байх ёстой юм. Мэнгэ голлох, жил орох гэх мэтэд цээр маш их байна. Тэр жил заслаа хийлгээгүй хүн, хийлгэсэн хүн хоёрын хооронд их ялгаа харагддаг. Заслаа хийлгээгүй хүмүүст нөлөөлөл их гарч байна. Түүнтэй адилхан шинийн нэгний өглөө мөр гаргана гэдэг засал хийж байна л гэсэн үг юм. Хувийн зүгээсээ зүг зүгийн бурхаддаа хүндэтгэл үзүүлж, цай сүүнийхээ дээжийг өргөж, цог хийморийнхоо зүг рүү гарч, муу зүг рүүгээ ямар нэгэн зан үйлийг үйлдээд буян хишгийнхээ зүгээс ирдэг. Түүнчлэн хар нохойн ам хаана байгааг мэдэх хэрэгтэй. Хар нохойн ам руу цог хийморийн зүг байж таараад гарчих юм бол хар нохой хав гээд үмхчих магадлалтай тул гарч болохгүй. Тиймээс бусад гурван сайн зүгээсээ ирэх ёстой. Ер нь тэгээд “Ум мани бадми хум”гэж уншсан ч засалболдог. Энэ үгийг мэдэхгүй монгол хүн бараг байхгүй байх.
 
-Шинийн нэгний өглөө хамгийн эрт босч цай, цагаалгаа бэлтгэдэг хүмүүс ээжүүд байдаг. Ээжүүд өглөө өрхөө татахаас эхлээд гэрээ гурав тойроод л мөрөө гаргачихлаа гэж ярьж байхыг нэлээд сонсож байсан. Энэ яг мөр гаргах ёсонд багтах уу. Заавал ёсонд заасны дагуу мөрөө гаргах ёстой юу?
-Гэрийг гурван удаа гороолно гэдэг эртнээс байсан уламжлал л даа. Судар бариад гороолдог нэг ёс байхад лам хуварга хүн багшдаа бараа болж гороолдог нэг ёс байна. Ер нь монгол гэр юм бүхэнд тохирсон байдгаараа онцлогтой. Тийм учраас монгол өргөөгөө гурван удаа тойрч байгаа ээж хүний хувьд өглөө бүр үр хүүхэд, хань ижлийнхээ сайн сайхны төлөө ийнхүү гороолж байгаа учраас энэ бол засал юм. Эхийн сайхан сэтгэлээс өөр сайн ном гэж хаана ч байхгүй. Энэ бол маш том буян юм шүү.
 
Битүүний өдөр хүн бүр заавал гэртээ хонох ёстой
 
-Битүүлэх ёс, битүүний өдрийн тухай яриач. Ямар учир утга агуулдаг юм бол?
-Энэ өдөр сар байдаггүй учраас битүүн гэж нэрлэсэн байдаг. Битүүний өдөр идээ будаа, шүүс ундаагаа оройн ганц од гарснаас хойш бэлтгэдэг гэдэг. Ер нь битүүрч байна гээд амаараа бууз гартал идэж, хөлөө олохгүй болтлоо сархад зооглохыг хэлдэггүй. Маргаашийнхаа өдөр буюу шинэ сарынхаа эхний өдөрт бэлтгэхийг л битүүрэх гэнэ. Тэгээд Лхам сахиусны морийг умдаалах гэх бэлгэдлээр гэрийнхээ баруун, зүүн тотгон дээр мөс тавьдаг. Хуучин алтан харгана тавьдаг байсан. Энэ нь аливаа муу муухай зүйлийг оруулахгүй байх бэлгэдлийг агуулдаг байсан байгаа юм. Аливаа муу зүгийн хорлолууд тэр өргөстэй харгананд хатгуулна гэж айгаад өрх гэр рүү нэвтэрч чаддаггүй гэж ярьдаг.
 
-Хөөрөг зөрүүлэх ёс гэж байдаг. Энэ ёсонд насны ангилал бий юу. Өөрөөр хэлбэл, хэдэн нас хүрсэн хүн хөөрөг барьж мэндчилж болох вэ?
-Би хөөрөг зөрүүлэх ёсыг эв нэгдлийнбэлгэдэлгэж ойлгодог. Хүмүүс хөөрөг зөрүүлэхдээ атаа хорсол тээлгүй, сайн сайхан бэлгэдлийн үг хэлдэг. Өвөг дээдсээсээ монголчууд хөөрөг зөрүүлэхдээ хундага тулгаж байгаа юм шиг хооронд нь харшилдуулахыг ойшоодоггүй байсан. Хөөргийг аль болох хүндэтгэлтэйзөрүүлэх ёстой. Хоёр гараараа тосч авах жишээний. Энэ нь бие биедээ хар буруу санаагүй гэдгийг харуулж байгаа юм. Хөөрөг барих нас гэж зааж өгсөн зүйл байхгүй.Эмэгтэй хүний хувьд Богд хааны үед хөөрөг барьдаг байсан юм билээ.Одоо ч эмэгтэй хүн хөөрөг барьж болохгүй гэсэн ёс алга. Түрүүлж мэнд мэдэхийн хувьд бол залуус ахмадхүнд түрүүлж хөөргөө сунгах хэрэгтэй. Өнөөгийн залуус хөөрөг барьж хэвшээгүй болохоор ахмадууд эхэлж хөөрөглөж байгаа харагддаг. Залуус маань монгол ёс уламжлалаа алдалгүйгээр ахмад буурлуудтайгаа хөөрөглөж, мэнд мэдэж байгаарай. Энэ сайхан уламжлалыг битгий гээгээрэй гэж захья.
 
-Сар шинийн өдрүүдэд цээрлэх зүйлүүд байдаг уу?
-Битүүний өдөр хүн бүр заавал гэртээ хонох ёстой. Шинийн нэгэнд ч гэсэн гэртээ хонох ёстой гэдэг. Гэхдээ аав ээж, ах дүү нь хол байдаг учраас тэдэндээ очиж золгох гээд явсан хүнд энэ ёс хамаарахгүй. Идээ, ундаагаа хэтрүүлэн хэрэглэж айлд хонож болохгүй л гэсэн санаа юм. Цагаан сар бол юм бүхнийг сайн сайхан байлгах ерөөл, бэлгэдлийн л баяр юм даа.
 
-Шинийн хоёрны өдөр замд гардаггүй гэж ярьдаг. Нутаг, нутгийн ёсонд өөр байдаг юм болов уу?
-Тийм яриа байдаг. Гэхдээ шинийн нэгэнд тухайн хүн өөрийнхөө дом заслыг хийчихсэн бол гарч болно. Хуучин цагийн уламжлалаар бол лам нар шинийн хоёрны өдөр овоо,  хангайдаа гарч сан тавьж, хийморь сэргээдэг өдөр гэж үздэг байсан.
 
-Сүүлийн үед хүмүүс гэрэлт зул хэрэглэх нь ихэссэн. Зул барихдаа заавал шар тосоор барих ёстой юу. Цахилгаан зул асаах нь буян болж чадах уу?
-Зул гэдэг нь төвдөөр гал, тос гэсэн хоёр үгийгилэрхийлдэг. Хүн алхам тутамдаа бие, хэл, сэтгэл гэсэн гурван хаалгаараа нүгэл үйлдэж байдаг. Тиймээс хүн бие, хэл, сэтгэл гурваараа үйлдсэн нүглийг арилгахын тулд буян үйлдэх ёстой. Хүн өөрийн биеэр зулын цөгцөө цэвэрлээд, голыг нь ороогоод, суулгаад, тосыг нь хийгээд өргөвөл асар их буян хурдаг гэдэг юм. Яагаад гэхээр зул барихын өмнөх бэлтгэлийг хийхэд л хүн хамгийн наад зах нь элдэв янзын бодлоосоо салдаг. Зулын цөгцийг цэвэрлэх ньхүн өөрийнхөө дотоод сэтгэлийн бузар, мууг цэвэрлэж байгаатай утга ижил. Цөгцөө цэвэрлэсний дараа зулынхаа голыг орооно. Голыг ороохдоо эх болсон зургаан зүйл хамаг амьтан бүгдээрээ мунхагийн харанхуйгаас ангижирч, билэг билгүүнийг олох болтугайгэж өргөн цар хүрээтэй сэтгэж ороовол илүү их буян хураана. Зулынхаа голыг суулгахдааөөрийн бодсон тэр сайхан гэгээлэг бүхнийг өөрийнхөө сэтгэлд суулгаж байна гэж бод. Тосыг нь хийхдээ савнаас нь халиалгүй жигд сайхан хийнэ. Ингэхдээ сэтгэл санаа минь сайхан төвлөрлөө гээд буяны тухай бодох хэрэгтэй. Ингээд зулаа барихдаа бурханы мэлмийд билэг билгүүн болгон өргөж байна гэж бодоорой.
Бурханы номонд бас сайхан гэрэлтдэг эрдэнийн чулуугаар ч юм уу зул өргөж болно гэсэн байдаг юм.Тэр нь байнгын, орой болохоор бурханы өмнө гэрэлтээд л байж байна гэсэн үг. Зул гэдэг бол ердийн утгаараа бурханы өмнө сайхан гэрэл гэгээ гаргахыг л хэлж байгаа юм. Ингэж бурханы өмнө сайхан гэрэл гэгээг дандаа гаргаж байх юм бол дараа төрөлдөө сайн оронд төрөхийг бэлгэддэг. Зулыг чин сэтгэлээсээ өргөж чадаж л байгаа бол заавал шар тосоор өргөх ёстой гэж туйлшрах хэрэггүй. Дээр үед монголчууд малаа сайн төрөл олох болтугай гээд бөөрнийх нь өөхөөр зул барьдаг байсан.Хэрэв шар тос байхгүй бол малын бөөрний өөхөөрзул барьж болно. Цахилгаанд залгадаг зул бурханы өмнө гэрэл гаргаж байгаа гэдэг утгаараа буян хураана л даа. Гэхдээөөрийнхөө гараар бүгдийг бэлдэж, өргөсөн зул илүү их буянхураадаг гэж ойлгож болно.
 
Цагаан сар ерөөл, бэлгэдлийн баяр юм
 
-Цагаан сарыг хөдөөд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гал голомтоо бадраасан л бол залуу гэр бүл байсан ч Цагаан сар хийдэг. Хотынхны хувьд зарим айл Цагаан сар хийдэггүй. Үүнийгээ аав, ээж маань амьд сэрүүн байхад хийх шаардлагагүй гэж тайлбарлах нь бий. Энэ хэр зөв юм бол?
-Цагаан сарыг тэмдэглэх, тэмдэглэхгүй гэдэг бол тухайн хувь хүний өөрийнх бодол санаа, ертөнцийг үзэх үзэл, шүтдэг шашин, ёс заншлаас шалтгаалж байж болох юм. Гэхдээ миний бодлоор хөх толбот, тэнгэр язгуурт монгол хүн мөн л бол Үндэсний уламжлал баяр Цагаан сараа тэмдэглэх ёстой гэж боддог. Монголчуудын зарим нь шинэ жилийг их өргөн дэлгэр тэмдэглэдэг. Шинэ жилээр хүмүүс хүлээн авалт, цэнгүүнд орж, архи, дарс их уудаг. Сэтгэлд үлдэх зүйлгүй хэрнээ дэндүү их зугаа цэнгэл хөөж, гаднах төрхөндөө анхаардаг баяр гэж би хувьдаа боддог. Харин Цагаан сар бол өөр. Цагаан сараар учир зүггүй архи дарс уугаад согтуураад байх нь харьцангуй гайгүй. Шинэ жилтэй харьцуулах юм бол Цагаан сар хамаагүй зөөлөн баяр. Гарч буй жилийнхээ өнгийг тодорхойлж, амны билгээр сайн сайхан үгс хэлэлцэж, өвөг дээдэс, ахан дүүсээ хүндлэн золгодог ерөөлийн баяр юм.
 
-Час өдрийн тухай яриа хүмүүсийн дунд их байх юм. Долоо хоногийн аль нэг гараг час өдөр байдаг гэх. Энэ өдрийн тухай бидэнд тайлбарлаж өгөөч?
-Ерөнхийдөө зурхайн үүднээс гарсан нэршил. Гарагуудыг 12 жилдээ хуваагаад хооронд нь час гараг, амин гараг, сүлд гараг гэх зэргээр гурван янзаар нэрлэдэг.Зохих хэмнэлээрээ  энэ нь хүний үйлд сайн, муугаар нөлөөлдөг.Гэхдээ хувь хүний сэтгэлийн асуудал л шүү дээ. “Өнөөдөр яадаг билээ, час өдөр” гээд бодчихвол тэр өдөр тийм ч сайнгүй байх жишээний. “Өнөөдөр сүлд гараг, миний ээлтэй сайн гараг, ивээл өдөр”гээд бодоход ажил үйлс өөрөө бүтээдирнэ. “Өдөр бүхэн сайн, гараг бүхэн өлзийтэй” гэх үг байдаг.“Гагцхүү муу сэтгэлээ дарсан тэр болгонд өлзийтэй” гэдэг. “Сэтгэлээ л засахад муу өдөр гэж үгүй” гэж Дээрхийн гэгээн далай багш хэлсэн байдаг юм.
 
-Энэ жил хонь жилтнүүдийн жил орж байна. Жил орж байгаа хүмүүсийн хувьд ямар засал ном хийлгэх вэ?
-Жил орох гэдэг маань өөрийн жил 12 жилийн давтамжаар тохиохыг хэлж байгаа. Энэ жил шинээр төрөгсдийн жил орж байгаа. 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 гээд цааш явна. Жил орсон хүмүүсийн хувьд суурь засал номоо хийлгэх шаардлагатай. Тухайн жил орж буйгаас шалтгаалаад өөр өөр нигууртай. Тухайлбал, 13-ны жил гэхэд “Хүү жил буюу сэтгэл санаа хямрах”, 25-ны жил “Жаргал, зовлон ээлжлэх”, 37-ны жил “Хийморь доройтож, гарз гай гарах жил” гэх мэтээрээлжилдэг. Мөн “Хүү жил-1, Өөрийн жил-13, Нөхрийн жил-25, Дайсан жил-37” гэж байна.
Эндээс 37-ны жил нь дайсан жил буюу хамгийн их барцадтай жил юм. 49 насанд жил орохыг “их жил” гэдэг. Мөн 37, 73-ны жил ороход мэнгэ голлодог. Тиймээс засал номыг зайлшгүй хийж байх учиртай. Боломжтой бол жилээсээ өмнө нэг угтаж хийгээд, жил гарсны дараа дахин нэг засал хийхэд гэмгүй. Дээр хэлсэнчлэн онцлох засалтай хүмүүст ихээхэн хамаатай юм шүү. Заслаа хийлгэчихвэл жил орж байсан ч алзахгүй. Дээхэн үедайл өрхүүд улирал бүр “Жасын хурал” хийж байсан. Энэ нь ганцхан хаврын тэргүүн сарын шинийн нэгэнгарахад засал хийлгэх бус жилдээ дөрвөн удаа улирал эхлэх бүрт хийдэг байснаараа онцлог юм.
 
-Та монгол түмэндээ хандан Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Оройндээд Очирваань,хөх тэнгэрийн монголчууд та бүхэндээXVIIжарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин жаргалтай
Ургаараа элэг бүтэн
Удмаараа хийморь золбоотой явж
Мандан бадарч
Дэгжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
-Танд баярлалаа. Сайхан шинэлээрэй.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэд хамба Г.Мөнхбаяр: Үхэр хариулаач нь өвгөн хүн байгаа учир настнуудад ээлтэй жил байна   
Үзсэн: 5593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй