Шууд Chart

Хадгаламжийн даатгал үүссэн жил хагасын хугацаанд...

2015-02-27 17:17:27

Сангийн яам эхлэлтийн хөрөнгийг дутуу байршуулжээ...

УИХ-аас “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль”-ийг 2008 оны арваннэгдүгээр сарын 25-нд гаргаж байлаа. Энэ хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцах, хадгаламж эзэмшигчдийг төрөөс хохиролгүй болгож ирсэн. Тухайлбал, “Анод” банк татан буугдах үед төвбанк өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргасан бол,  “Зоос”-ыг хүндрэхэд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, дээрх хоёр банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгож байсан юм.

Гэхдээ татан буугдсан банкуудын хохирлыг төрөөс байнга барагдуулах бололцоогүй. Тиймээс “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-нд дуусмагц, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан. Мөн энэ өдөр уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аас гаргажээ. Энэ тогтоолд, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газар болон Монголбанкнаас гаргуулахаар тусгажээ.

Улмаар хуулийн дагуу “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийг 2013 оны зургаадугаар сарын 14-нд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, эхлэлтийн санхүүжилтийг төвлөрүүлж холбогдох газруудаас төвлөрүүлж эхэлсэн байна. Хадгаламжийн даатгалын сангийн эхлэлтийн хөрөнгөд зориулж төвбанк өнгөрсөн хугацаанд 50 тэрбум төгрөгөө бүрэн шилжүүлсэн бол, Сангийн яам 42 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Сангийн яам үлдэх 8 тэрбум төгрөгийг хадгаламжийн даатгалын корпораци руу хэзээ  шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Банкууд даатгалын санд 52 тэрбум төгрөг төвлөрүүлэв...

Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийг өөрийн хөрөнгөөр даатгуулах хуультай. Ингэхдээ арилжааны банкууд харилцах болон хадгаламжийн үлдэгдлээс жилд дээд тал нь 0.5 хувийн шимтгэл төлөхөөр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд улиралд 0.125 хувийн хураамж төлнө гэсэн үг юм. Гэхдээ энэ нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д заасан дээд хязгаар юм.

Хураамжийн хэмжээ үүн дотор хэдэн ч хувь байж болох талтай. Энэ хувь хэмжээг Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хороо тогтоодог байна. Тус хороо системийн таваас дээш хувийг эзэлдэг нөлөө бүхий /“Худалдаа хөгжил”, “Хаан”, “Хас”, “Төрийн” “Голомт”/ банкуудаас авах хураамжийг жилийн 0.3 хувь байхаар анх тогтоож байжээ. Харин үлдэх банкуудаас авах хураамжийн хэмжээг 0.4 хувь байхаар анх тогтоосон байна. Арилжааны банкуудаас авах хураамжийн энэ хувь хэмжээг өнгөрсөн он хүртэл мөрджээ.

Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нийт харилцах болон хадгаламжийн дүнгийн 0.3-0.4 хувьтай тэнцэх шимтгэлийг өнгөрсөн хугацаанд өөрсдөөсөө гаргаж, үйлчлүүлэгчдийнхээ хуримтлалыг даатгуулжээ. Энэ хураамжаас өнгөрсөн хугацаанд 52 тэрбум төгрөгийн төвлөрүүлж, хадгаламжийн даатгалын санд хуримтлуулсан байна. Үүнээс гадна, Хадгаламжийн даатгалын корпораци сангийн орлогыг төвбанк болон засгийн газрын үнэт цаасанд байршуулж, хөрөнгө оруулалтаас 16 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Харин бусад орлого 4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.

Банк татан буугдвал 20 хүртэлх сая төгрөгийн хохирол барагдуулна...

Сангийн яам болон төвбанкнаас төвлөрүүлсэн эхлэлтийн санхүүжилт, арилжааны банкуудаас авсан даатгалын хураамж, хөрөнгө оруулалтын болон бусад орлогыг оролцуулж тооцвол, өнгөрсөн хугацаанд хадгаламжийн даатгалын санд 160 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Төвбанкны шийдвэрээр арилжааны ямар нэг банк татан буугдвал, хадгаламжийн даатгалын санд хуримтлагдсан энэ хөрөнгөөс 20 хүртэлх сая төгрөгийн харилцах болон хадгаламжийн хохирлыг барагдуулах хуультай.

Манай улсын нийт хадгаламж эзэмшигчдийн 98 хувь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийт харилцах, хадгаламж эзэмшигчдийн 98 хувь даатгагдсан гэсэн үг юм.  Манай улсын хадгаламж эзэмшигчдийн дийлэнх нь ийнхүү даатгагдсан байгаа нь Канад, Орос, Япон, Америк зэрэг орнуудынхаас өндөр үзүүлэлт болохыг Олон улсын хадгаламжийн даатгалын холбооноос гаргасан судалгаагаас харагдаж байгаа юм.

Харин нэг харилцагчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг буюу ДНБ-ийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байгаа нь Англи, Канад, Австрали, Итали, Франц, Герман зэрэг орнуудтай ойролцоо байгаа юм. Ийнхүү 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай, дийлэнх хадгаламж эзэмшигчид хамгаалагдаад байна. Харин үүнээс дээш хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 хүртэлх сая төгрөгийн хохирлоо хадгаламжийн даатгалын сангаас авах эрхтэй. Үүнээс дээш хадгаламжийнхаа хохирлыг татан буугдсан банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс авах бололцоотой юм.

Банкуудаас авах даатгалын шимтгэлийг буурууллаа...

Манай улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтэрсэнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн банкинд итгэх итгэл нэмэгдсэн гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж байна. Арилжааны банкуудын хадгаламж 2013 оны эцэст 6.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол, 2014 оны эцэст 7.4 их наяд төгрөг болж өссөн учраас тэр юм. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд арилжааны банкуудын хадгаламж нэг их наяд төгрөгөөр буюу 15 хувиар өсчээ. Иргэд, аж ахуйн нэгжийн энэ хадгаламжийг арилжааны банкууд өмнөхийн адил өөрийн хөрөнгөөр даатгуулах ёстой. Гэхдээ энэ жилээс даатгалын хураамжид бага шимтгэл төлнө.

Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд нөлөө бүхий банкуудаас жилийн 0.25 хувийн шимтгэл, үлдэх банкуудаас жилийн 0.35 хувийн шимтгэл авах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд үйлчлүүлэгчдийнхээ мөнгөн хөрөнгийг даатгуулахад зориулж, харилцах болон хадгаламжийн дүнгээс 0.25-0.35 хувьтай тэнцэх хөрөнгийг өөрөөсөө гаргах нь.  Макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ онд банк санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор банкуудаас авах даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ийнхүү бууруулсан байна.

Олон улсын хадгаламжийн даатгалын холбоонд 79 хадгаламжийн байгууллага гишүүнээр элссэн байдаг байна. Хадгаламжийн даатгалд зориулж арилжааны банкуудаас авдаг тэдний шимтгэл харилцан адилгүй. Тухайлбал, гишүүн орнуудын 15 нь арилжааны банкуудаас 0.1 хувийн шимтгэл авдаг бол, 19 нь 0.2 хувийн шимтгэл, 8 нь 0.3 хувийн шимтгэл, 5 нь 0.4 хувийн шимтгэл, 10 нь 1 хувийн шимтгэл авдаг байна. Харин бусад нь үүнээс дээш шимтгэл авч байгаа юм. Манай улсын даатгалын хураамж харьцангуй бага буюу Колумб, Мексик, Тайвань, Сингапур, Орос, Болгар, Венесуэл, Косово зэрэг орнуудынхаас доогуур байгаа юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Хадгаламжийн даатгал үүссэн жил хагасын хугацаанд...  
Үзсэн: 5420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-03-03 19:08
Bankyydiin zeel olgolt byyraad bx.vvgeer neg medeelel bichij ugch bolox yy
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-03-02 11:59
Хадгаламжийн хүүгийн орлогоос хувь хүний орлогын албан татвар 10 хувь авдаг.
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2015-03-02 10:58
хасбанк хадгаламжаас тавар авдаг ямар учиртай юм бэ?
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-02-28 11:26
хэрэгтэй мэдээлэл байна

Бидэнтэй нэгдээрэй