Шууд Chart

Ирэх хаврын чуулганаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ

2015-03-04 14:21:57

2014 оны намрын чуулган завсарласнаас хойш байнгын хороод өнгөрсөн чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнасаар байгаа билээ. Үүний дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа. Энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл өглөө.

Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, УИХ-ын таван тогтоолын төслийг хэлэлцэж, 19 санал, дүгнэлт, таван  танилцуулга, зарчмын зөрүүтэй 180 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн бөгөөд байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоол батлан гаргажээ.
 
Байнгын хорооны тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шүүгчийн албан тушаалын цалинг тогтоох эрх бүхий субьект, цалингийн хэмжээг тогтоох талаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн 2014 оны намрын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажиллаж, үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцсан байна.
 
Мөн өнгөрсөн чуулган хугацаанд тус байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 86 албан бичиг, иргэдээс 22 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн байна. Дээрхээс гадна тус байнгын хороо УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Казиногийн тухай, Захиргааны ерөнхий хууль гэх мэт есөн бие даасан хууль, 300 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ирэх хаврын чуулганаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ   
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй