Шууд Chart

Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэв

2015-03-04 12:41:00

Одоогоос 150 гаруй жилийн өмнө тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлалгүйгээр тусламж үзүүлэх чин хүслээр үүсэн бий болсон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн өнөөдөр дэлхийн 189 оронд Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болох Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд элсэж, 84 дэх гишүүн байгууллага болсон юм.

Харин Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг 2000 онд баталж, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн байдаг. Гэвч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тиймээс өнөөдөр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.    Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцож өөрсдийн санал бодлыг илэрхийллээ.
 
Тус хуулийн шинэчилсэн найруулгаар Төр, Улаан Загалмайн үндэсний нийгэмлэгийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох; Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гишүүн байгууллага болох Монголын Улаан загалмай нийгэмлэгийн статусыг шинэчлэн тодорхойлох; Олон улсын хүмүүнлэгийн гэрээ, конвенцид нэгдэн орсон Монгол улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бие даасан байдлыг хангах; Төрдөө нэмэлт хүч болж ажиллахын тулд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох; Улаан загалмайн нэр, таних тэмдгийг хэрэглэх, хамгаалах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгажээ.
 
Дашрамд дурьдахад, өнөөдөр Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 87681 гишүүд, үүнээс 50261 татвар төлөгч гишүүд, 6420 мэргэшсэн сайн дурынхан, 570 анхан шатны хороо, 32 дунд шатны хороотой, 60000 гаруй өсвөрийн Улаан загалмайчид, 15,000 гаруй залуучуудын Улаан загалмайчид, 3403 Онцгой гишүүд, Хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байна.

Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэв  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй