Шууд Chart

Пабло Пикассо буюу харандаа

2015-03-04 12:52:45

Дэлхий дахинд удтал ноёлсон шашны нөлөө, суртал ухуулгаас сая нэг хагацаж, шинжлэх ухаан, соёл урлагт илүү их ач холбогдол өгч эхэлсэн 19 дүгээр зууны сүүлч. Түүхэндээ тийм ч ихээр доройтож  байгаагүй, үргэлж л бадрангуй, гал цогтой байдаг Испани оронд эр зоригт эрчүүд бухтай тулалдаж, үзэсгэлэнт бүсгүйчүүд улаахан гутлаа шаттал бүжиглэнэ. Наран шаргал гитар хөгжим нэгэнтэй уйлж, хоёронтой дуулахад ахимаг насны эрчүүд аз жаргалтайгаар арвай буудайны ариун хөлс болсон алтан шар айргаа амтархан зооглоно. Сонгодог реалист, сюрреалист уран барилгуудын чулуун хана бүлээсч, тэдгээрийн хаа нэгтээ бөглүү жижигхэн өрөөнд хэн нэгэн зохиолч шинэхэн романаа туурвиж, театрт Дон Кихот ноён, хөгжилтэй Санчо хоёр дахиад л аян замд гарахаар бэлтгэнэ. Чимээгүй, бүр чимээгүйгээр испаничуудын оюун санаанд хувьсал явагдана.

1881 оны 10 дугаар сарын 25-ны өдөр... Тэртээх Испанийн тэнгэр доор өөр нэгэн гайхамшигт хүмүүн дэлхий ертөцийг донсолгохоор ирлээ.  Хүү ер бусын эгдүүтэй хийгээд хачин царай муутай амьтан байв. Тэр томоос том хоёр алаг нүдтэй, монхор хамартай, далбагар чихтэй, данхар толгойтой...  Энэ царай муутай хүүг эх орон нь дэлхийн татах хүчинд захирагдах болсон цагаас нь л хожмын их үйлсэд бэлдэж эхэлсэн юм.

Латин Америк, уламжлалт Инкийн хүчирхэг соёл иргэншил холилдсон Испани орон цэцэглэсээр... Гэвч Пабло хүү тийм ч эрүүл саруул нэгэн байсангүй. Удаа дараалан өвдөж, заримдаа бүр үхлийн ирмэг дээр ч ирж байв. Эцэг, эх нь түүний төлөө чадах бүхнээ хийж, христийн сүм, хотын эмнэлэг хоёрын хооронд өдөр, хоногийг өнгөрөөнө. Ингэж байтал цаг хугацаа хөөрхий ээж, аав хоёрын зовлонг бага багаар нимгэлж, балчир хүү Пабло хөлд орж, үг хэлэхээр шулганаж эхэллээ. Хамгаас хачирхалтай нь тэр хүү анхлан “Lapiz” гэж хэлсэн юм. Энэ нь Испани хэлнээс буулгах юм бол “Харандаа” гэсэн утга илэрхийлнэ.

Даруухан зураач эцэг Рюзи их сургуульд багшлах болсон тул тэднийх Барселон руу нүүлээ. Барселон хот Пикассогийн ертөнцийг үзэх үзэлд хүчтэй нөлөөлж чадсан юм. Пабло хүү зурж эхлэв. Гэхдээ түүний зургууд нэг л сонирхолтой, бас хачин жигтэй... Эцэг Рюзи хүүгээ дэмжинэ. Гэхдээ Рюзи  Пикассог хэзээ ч уламжлалт хэв маяг бүхий бусдын адил зураач болохыг хүсээгүй юм. Тэр хүүдээ уран зургийн ертөнцөд, алдарт Леонардо Да Винчи, Микеланджело, Ренбрант нарын тогтоосон хэв загвараас татгалзаж, түүнийг бүр таягдан хаях тухай, илүү цоо шинэ, задарсан, асгарсан, бас оньслогдсон зүйлсийг бүтээх талаар байнга ярина. Мөн тэр авьяаслаг хүүгээ яасан ч өөр шиг ээ ядуу зураач болгохыг үл хүснэ.

Пабло хүү 14 нас хүрлээ. Гэтэл гэнэтийн гэмээр зүйл тохиолдож, түүний эцэг яагаад ч юм бэ дахиж хэзээ ч зураг зурахгүй гэж шийдэв. Судлаачид энэ тухай олон тайлбар хийсэн байдгаас цухас дурдвал “Рюзи хүүгээ үнэхээрийн суут гэдгийг мэдэрсэн цагаасаа бийрээ тавихаар шийдсэн. Энэ бол цочрол байсан” гэжээ. Ямартай ч Пабло хүү цаашаа ганцаараа явахаас өөр аргагүй боллоо. Тэгэвч тэр шантарсангүй. Ингээд Пикассо өөрийн авьяас билгийг өндөр боловсролтой хослуулах гэж оролдов. Улмаар нэртэй нэгэн их сургуульд элсэн суралцах болсон ч түүний сэтгэл нэг л дундуур байгаад байлаа.

Эгэл жирийн, анхлан бийр багс барьж, будаг хольж, өнгө таних гэж ядсан хүүхдүүдийн дунд тэр тэссэнгүй. Заримдаа бүр багш нарыгаа хүртэл голж, тэдэнд хэлэх гэсэн үгээ шулуухан дуулгаад авдаг болов. Тэрсүүд Пикассо... Чингээд төдөлгүй их сургуулийн оюутан болсон Пабло өөрийн хүсэл зориг, сэтгэлийн дуудлагаа дагаж гудамжинд гарлаа. Ерөөс сэтгэлийн дуудлага гэдэг их авьяастай хүнийг эхлээд түнэр харанхуй руу түлхдэг байжээ.  Тэгээд үл мэдэгдэх, үл сонсогдох, үл харагдах орон зай дотроос хэрхэн гэрэлтэх эгшнийг хүлээдэг аж. Пабло Испанийн сүүдэр дотор амьдарч байв.  Балмад танхай этгээдүүд хөлхөлдөж, биеэ үнэлэгч эмэгтэйчүүдээр дүүрсэн шөнийн цэнгээний газар тэр сууна. Ердөө арван хэдхэн настай туримаг хөвүүн тамхины утаа хөшиглөсөн тэр бүрэнхий нүхнээс юуг эрж хайсан юм бол оо. Ертөнцийн яруу сайхны нөгөө талыг уу?

1900 он гарлаа... алдарт, аугаа их хорьдугаар зуун... Энэ цаг хугацаа бол түүний хаанчлал эхлэх он тоолол байжээ. Барселони хотын жирийн амьдрал, бухны тулаан, найз нөхдийнхөө хөрөг зэргийг өвөрмөц арга техникээр бүтээж суусан залуу хүү 19 нас хүрэв. Тэгэхдээ тэр бүр Барселони, Мадридын хамаг л шилдэг зураачдыг ардаа орхиж, атаа хорсол, уур хилэнгийн төв болжээ. Гэвч үүнээс яг нэг жилийн өмнө тэр Испанийг бүү хэл хайр дурлалын өлгий болсон Франц орны нийслэл Парис хотыг “Би ноён” хэмээх өөрийн эрхэмсэг хөргөөрөө шуугиулж, дундад зуунаас хойш бараг л шинэчлэл хийгдээгүй байсан энэ улсын дүрслэх урлагийн ертөнцийг түймэрдчихсэн байв. Гэхдээ Парисын нэг дутагдал бол Пикассогийн суу билгийг бүрнээ ойлгохгүй зүгээр л язгууртан дээдсийн хуурмаг дуу алдалтаар үнэлсэн явдал байлаа. Пикассо цаасан малгай өмсөж байснаа мэдэрсэн тэр л эгшнээс эхэлж мансууруулах бодисонд донтсон мэт өдөр, шөнөгүй бүтээж туурвин, унтах, идэхээ ч мартахад хүрч байв. Пабло амьдралынхаа зовлон жаргал, баяр гунигийг уран бүтээлдээ нэвт дүрсэлсэн байдаг нь гайхамшигтай. Ийн ургах нар, унах саранд эс үзэгдэн суухдаа тэрбээр өлссөн, гомдсон авч сайхан сэтгэлтэй сохор хүмүүсийг цэнхэр өнгөөр олонтаа дүрсэлжээ.

Энэ үед түүний амьдралд гарсан бас нэгэн өөрчлөлт бол эцэг Рюзитай харилцаа холбоогоо бүрэн тасалж, ээжийнхээ Пикассо гэдэг овгийг авлаа. Мөргөлдөөн... үзэл бодлын мөргөлдөөн эцэг, хүү хоёрыг ийм хоёр эрэгт гаргаж шидлээ. Аав нь хүүгийнхээ араас харна. Харин Пикассо тэгсэнгүй. Тэр хуучин цувныхаа хормойг салхины мэдэлд өгчихөөд наашаа, бидний сэтгэл зүрх рүү явлаа. Энэ бол золиос байжээ. Аливаа хүмүүн амьдран байгаа цаг үеэ ялж, дараагийн зууны оюун санаа руу ирэхдээ том зүйлийг орхих хэрэгтэй болдгийн тод жишээ. Хожим түүнээс нэгэн сэтгүүлч та яагаад аавынхаа овгийг орхих болсон юм бэ гэж асуухад Пабло “Пикассо гэдэг нь илүү сонсголонтой байгаа биз дээ” гэж хошин маягаар хариулаад өнгөрсөн гэдэг.

1904 онд Пабло Пикассо Францын Монмартр хотод ирлээ. Энд тэр анхлан бүсгүй хүний яруу сайхныг шүтэн биширч, түүгээр дамжуулан өөрийнхөө жинхэнэ онгод, авьяасыг нээж, гоо сайхны өмнө өвдөг сөхөрсөн юм. Дурлалын шидэт дууг дуулсан Пикассо...

Үзэсгэлэнт бүсгүйчүүд. Пикассогийн амьсгалах агаар, харах нүд, сонсох чих, дуулах дуу, уух ундаа нь байжээ. Хайр дурлалын халуун баланд согтож, бүсгүй хүнийг мөнхийн ус хэмээн бүрнээ итгэсэн Пикассо...

Өнгөрсөн зууны домогт зураачийн бүтээлүүд дээр үүрдийн хутгийг олсон бүсгүйчүүд цөм Пикассотой ямар нэгэн байдлаар холбоотой байдаг байлаа. Тэр тэдний харц, дүр төрх, цээж, бэлхүүс зэргийг дүрслэхдээ биеийн хөдөлгөөний гоо сайхны туулийг бүтээж, төсөөллийн  оргилд хүргэсэн юм.

Идэр залуухан зураач хэмжээлшгүй романтик нэгэн болж хувирав. Тэр тухайн цаг үеийн хамаг л сайхан бүсгүйчүүдтэй ил, далд харилцаа үүсгэж тэгэх бүртээ амьдралын хэв маяг, зурах арга барилаа яг л тоостой цонхыг бүлээн усаар угааж байгаа юм шиг өөрчилж орхино. Тэгэхдээ бүр гэр орон, найз нөхөд, хайртай нохойгоо хүртэл солино.

Алтан биеэ цэцэгтэй даашинзаар нуусан залуу бүсгүй Фернанда Оливье том, том ширхэгтэй бороон дундуур гүйсээр нэгэн онгорхой хаалга руу орлоо. Гэтэл будагны хурц үнэр ханхийж, норсон үснээсээ ус дуслуулсан бүсгүй эргэн тойрныг ширтвэл тэр зураачийн урланд орж иржээ. Бороо зогслоо. Оливье өрөөнөөс гарах гэтэл гартаа муур тэвэрсэн нэгэн эр гэнэт хаанаас ч юм бэ гарч ирээд, элдвээр алиалж түүнийг баахан сандаргав. Оливье Пикассотай ингэж танилцан, тэд хамтдаа есөн жилийг үдсэн юм. Пикассо, Оливьед дурласан цагаасаа улаан шаргал өнгийг уран бүтээлдээ илүү ихээр тусгах болж, энэ нь уран зураг сонирхогчдын хүрээнд хүчтэй яригдах, чухал сэдэв болж хувирав. Энэ үед Пикассо ядуу боловч аз жаргалтай амьдарч байсан агаад төдөлгүй нэртэй цуглуулагч Фернанда Оливье хэмээх бүсгүй, чинээлэг ахын хамт зураачийн бүтээлүүдийг худалдан авах боллоо. Пикассо ч урлагт хайртай, язгууртан гарал угсаатай эмэгтэйн хувийн үзэсгэлэнгээр олонтаа зочлох болж, тэд эрхэм харилцаатай болов.

Гертруда Пикассогоор өөрийн хөргийг зуруулахыг олон удаа хүссэн ч алдарт зураач энэ тухай хожим бодож, нэг биш удаа сайхан сэтгэлт эмэгтэйг сурсан зангаараа бүтээсэн байдаг. Гэвч хачин жигтэй баг өмссөн эмэгтэйн хөргүүд хүмүүсийн анхаарлыг татаж чадсангүй. Пикассо харин “Бүгд л энэ зураг эзэнтэйгээ адил болсонгүй гэх юм. Хамгийн гол нь Гертруда өөрөө хөрөг зурагтайгаа адилхан юм” гэж хэлжээ. Ингээд тэр бүтэн 9 жилийн турш маск зургийг дагнан бүтээж, шинэ урсгал, чиглэлийг бий болгов. Цаг хугацаа өнгөрч байх зуур дурламтгай зураач маань томоотой байсангүй. Пикассо Оливьетай амьдарч байхдаа Брак хэмээх өөр нэгэн сайх бүсгүйтэй зүүдний явдал үүсгэсэн байжээ. Үүний үр дүнд дүрслэх урлагийн ай савыг цэнгүүлсэн бас нэгэн гайхамшигт урсгал, чиглэл болох Кубизм үүссэн юм. Пикассо, Брак нар Кубизмын загалмайлсан эх, эцэг хоёр нь болсон юм.

1909 оноос Пабло Пикассо, Фернанда Оливье хоёрын хайр сэтгэл хөрч эхэллээ. Пикассо бүсгүйчүүдтэй танилцахаас хэзээ ч татгалздаггүй байсан гэж суут зураачтай хамт амьдарч байсан хүмүүс хожим дурсан ярьсан байдаг. Бүсгүйчүүдгүй бол тэр хэн ч биш байжээ... 1912 оноос Паблогийн зургууд дээр ЭВА үзэгдэх болов. ЭВА бол Марсель Гумберт хэмээх жижигхэн биетэй, залуухан эмэгтэй байлаа. Харамсалтай нь 1915 он, сүрье өвчин хоёр тэр эмэгтэйг дурсамж болгосон нь Пикассог гуниг, гутралын хавцал руу унагасан юм.

Энэ гунигтай явдлын дараа Пабло Ольга Коклова хэмээх орос генералын охинтой гэрлэж 1921 онд хамгийн хайртай хүү Паологаа тэвэрсэн юм. Мөн л зураачийн шинэ бүтээлүүдэд өөр өнгө аяс, утга агуулга тодорч, эх үрийн тухай магтан дуулж эхлэв. 1927 он гарахад Пикассог ердөө 17-хон настай хонгор бүсгүй хөглөж, хижээл эр залуу бүсгүйн хайр халамжинд бүтээж, туурвих ёстой байжээ.  Мари Терез Вальтер хэмээх гоо үзэсгэлэнт гол мөрнийг тэр хараад үнэхээр тэвчиж чадаагүй, шуудхан л гараас нь атгаад “Намайг Пикассо гэдэг. Хоёулаа гайхамшигт зүйлсийг хийцгээе” гэжээ. Үүгээр Пабло Пикассогийн хайр сэтгэлийн харгуй зам төгсөөгүй юм. Тэр бүр насан эцэс болтлоо, цал буурал өвгөн болтлоо романтик амьдарч, бүсгүйчүүдийн гоо сайхны шүтэн бишрэгч байсан юм.

Пабло Пикассогийн уран бүтээлийн онцлог бол уран зургийн ертөнцөд ноёлоод олон зуун жил болсон бодит байдлыг тэр чигээр нь буулгахаас эрс татгалзсан, ингэхдээ сэтгэлгээний эрч хүчийг бүхий л бүтээлүүддээ хүчтэй шингээсэн явдал. Зарим судлаачид энэ аугаа их зураачийг “сэтгэгч” хэмээх нь олонтаа. Учир нь тэр бодит зүйлсийг өөрийн дотоод сэтгэл зүйтэй найрсуулан сэтгэсний үндсэн дээр зурдаг гэжээ. Үнэхээр ч дүрслэх урлагийн боловсролгүй хүн Пабло Пикассогийн уран бүтээлүүдийг ойлгоход тун ч хэцүү.

1973 он... “Он жил өнгөрөн оджээ. Одоо би дэндүү гуниг, уйтгартай өвгөн болсон байна. Хайрлаж, дурлаж явсан бүсгүйчүүд минь салхинд хийссэн байна... Хийх юм даанч их байхад амьдрах хугацаа хэтэрхий богино үлдэж”... 90 насны босгыг алхсан Пабло Пикассо ингэж бодохдоо нүдээ арчлаа. Одоо түүнд бүх зүйл бий... тансаг орд харш, мөнгө, алдар нэр, нийгмийн дээд зиндааны найз нөхөд... Гэвч тэр нэг л зүйлд харамсах болсон юм. Тэр нь хэзээ ч хүүхэд шиг зурж чадаагүй явдал... Тэр ийм л нэгэн  байж. Ертөнцийн гоо сайхныг хүүхдийн гараар бүтээхийг хүссэн дэндүү мөрөөдөмтгий хүн... 1973 оны наймдугаар сард дэлхий дахин 20 дугаар зууны суу алдарт, сүр хүчний дуулийг эцсийн замд нь үдсэн юм. Пабло Пикассо хамгийн сүүлчийн удаа “Моделиани” гэж хэлсэн байдаг. Моделиани бол хэдий Пикассогоос эрт хальсан ч гэлээ түүний мөнхийн өрсөлдөгч нь байжээ... “Пабло Пикассо буюу харандаа” хөргийн учир ийн оршвой... 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Пабло Пикассо буюу харандаа  
Үзсэн: 6353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-03-04 14:04
Ymar goy sedev bichee ve bayrllaa

Бидэнтэй нэгдээрэй