Шууд Chart

Аневризм буюу судасны цүлхэн

2015-03-04 10:50:56

Төрөлхийн болон олдмол шалтгаан, эсвэл бэртэл гэмтлийн улмаас судас болон зүрхний ховдол, тосгуурын хана нимгэрч тэр хэсэгтээ овойж, цүлхийхийг аневризм буюу судасны цүлхэн гэж нэрлэдэг. Зарим халдварт өвчний хүндрэл нь судас цүлхийлгэн илрэх нь бий. Тухайлбал, тэмбүү, сүрьеэ өвчин ийм цүлхэн үүсгэж болох ба зүрхний шигдээс, атерослероз буюу судас хатуурах өвчний улмаас аневризм үүсэх эрсдэл байдаг. Дайн байлдаан болон автын ослын үед сум, бусад үзүүртэй зүйлсээр нэвтэрсэн шарх сорвижин эдгэхдээ булчин тасарсан хэсгээр сорви үүсч улмаар цүлхийх нь цөөнгүй. Судасны аневризм тархины судсанд үүссэн бол мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой эмгэг үүсч, толгой байнга өвдөх, аль нэг мөч, хуруу мэдээгүй болон аажимдаа хатангирших, уналт таталт өгөх, толгой эргэх, нүд хараагүй болох зэрэг эмгэгүүд гардаг. Бусад өвчнүүдтэй андуурагдан цаг алддаг тул мэргэжлийн эмнэлэгт хандаж, ангиографийн /судас дотуур тодруулагч бодис шахаж зураг авах/, эсвэл зондоор сэтгэх, сүүлийн үед компьютер томограф, “эмрай” гэхчлэн найдвартай оношлох аргуудыг хэрэглэх нь зүй. Аневризм зөвхөн судас төдийгүй гэдэс, мөгөөрсөн хоолой гэхчлэн хөндийтэй эрхтнүүдэд ч илэрдэг. Гэхдээ нэршил нь тухайн эрхтнээсээ хамаараад өөр өөр. Бас аль судсанд үүссэнээс хамаараад артерийн, венийн, хялгасан судасны гэхээс гадны тухайн судасны аль хэсэгт үүссэнээс шалтгаалан эмчилгээний хэлбэр ч ялгаатай байх жишээтэй. Зарим тохиолдолд хоёр өөр судас нийлэн цүлхийлт үүсгэх нь ч бий. Үүнийг хавсарсан аневризм гэж нэрлэдэг. 

Эдгээрээс гадна цүлхийсэн хэлбэр нь харилцан адилгүй байх бөгөөд ээрүүл хэлбэртэй, уут хэлбэртэй гэж ангилна. Ихэнх цүлхийлт ямар нэг шинж тэмдэг илрэхгүй, насан туршид нь дасан зохицоод явдаг бол зүрх, гол судсанд үүссэн цүлхийлт амь насанд эрсдэлтэй гэж үздэг. Тухайлбал, зүрхний ховдол, тосгуурын аль нэгний хана нимгэрч дотогшоо, эсвэл гадагшаа цүлхийн судасны хэвийн урсгалд саад болох тул цус хүрэх ёстой эрхтэнд эмгэг өөрчлөлт гарах, ядаж л зүрхний зэргэлдээ орших эрхтэнг дарах нь бий. Ингэж дарсан нь тархины судас цүлхийсэн үед илүү илрэх ба томорсон цүлхэн оршин байх зай талбай багаас шалтгаалан толгой өвдөх, тэр нь өдөр өдрөөр нэмэгдэх, толгой эргэх, бөөлжих, хараа муудах, нүд бүрэлзэх гэхчлэн тархины хавдар, цус харвалт, тархи няцрах үед гардаг шинжүүд давамгайлна. Хамгийн осолтой нь зүрхний хэсэгт болон гол судсанд үүссэн аневризм юм. Эдгээр хэсэгт цусны урсгал их, хүчтэй ирдэг болохоор цүлхийлт зүрх агших болгонд илүү сунаж нимгэрсээр байдаг гэсэн үг. Тиймээс сэтгэл хөдөлсөн, биеийн хүчний ажил, дасгал болон хүчдэл шаардсан үйлдэл хийсэн үед цүлхийсэн судас хагарах аюултай. Ингэж цус алдсан үед ямар ч арга хэмжээ аваад үр дүнд хүрэх магадлал бага болох талтай. Тиймээс судас цүлхийж болзошгүй гэмтэл авсан, өвчин туссан бол эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэж магадлуулах нь зүйтэй. Жишээ нь, зүрхний шигдээсээр өвчилсөн, тэр тусмаа их, бага хэмжээгээр инфаркт өгсний дараа тууштай сайн эмчилгээ хийлгэхгүй бол цүлхэн үүсэх магадлалтайд тооцогдоно. Голдуу зүрхний зүүн ховдолд цүлхэн үүсдэг. Судас хатуурах эмгэг судалгаагаар голдуу 40-өөс дээш насны эрчүүдэд илүүтэй илрэх нь архи, тамхины хэрэглээ, таргалалт, хөдөлгөөний хомсдолтой холбоотой болохыг тогтоосон байдаг. Нэгэнт хатуурсан судас эргэж хэвийн байдалдаа бүрэн орох нь ховор. Тиймээс тууштай эмчилгээ, тэр дотроо эмийн бус эмчилгээний төрөл болох биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл агаарт аялах, явган явах, гол нь архи, тамхины хэрэглээгээ хязгаарлах нь илүү үр дүнтэй. Судас хатуурсан эрчүүд голдуу бэлгийн сулралд орох нь амархан. Ийм хүмүүс бэлгийн идэвх сайжруулах эм бэлдмэл хамаагүй хэрэглэснээс болж цус харвах, инфаркт болох, цүлхэн хагарах эрсдэл дагуулдаг.   

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос  

 


Аневризм буюу судасны цүлхэн  
Үзсэн: 7589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй