Шууд Chart

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдав

2015-03-03 17:02:26

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр “Эрдэс баялгийн гэрээний шинжилгээ, мониторинг” сэдэвт сургалтад хамрагдав. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү сургалтыг УИХ-ын  Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

Дэлхийн улс орнууд байгалийн баялаг тэр дундаа уул уурхайн салбараас олсон орлогоо хэрхэн зөв зүйтэй зарцуулах, үүнийг олон нийтэд яаж хүргэх зэргээс гадна хууль эрх зүйн арвин туршлага хуримтлуулсан байдаг. Үүнийг хэрхэн хийж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хууль тогтоогчид тэр дундаа хууль тогтооход мэргэжлийн зөвлөгөө өгдөг УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад сургалт явуулах зайлшгүй шаардлагатай учраас санамж бичиг байгуулсан гэдгийг энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дарга онцоллоо. Санамж бичгийн хүрээнд УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг Канад Улсад ажилласан байна.
 
Сургалтын үеэр байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн хуулийн шинжээч Амир Шафайи, “Ихэнх орны хууль батлах үйл явцад хууль тогтоох байгууллагын Тамгын газрын ажилтнуудын үүрэг оролцоо өндөр байдаг. Тиймээс бид энэхүү сургалтыг онцлон зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүдийг биш зөвлөхүүд, ажилтнуудыг сургалтад хамруулж мэдээлэл олгож байгаа нь чухал. Эрдэс баялгийн гэрээнд эрх зүй, нийгэм, санхүү, байгаль орчин гэх мэт олон салбар хамрагддаг. Үүнийг дагаад олон төрлийн татвар авах шаардлагатай болдгоороо онцлогтой юм. Түүнчлэн уул уурхай, ашигт малтмалын салбарын гэрээгээр хүлээсэн үүргээс гадна хуулиар ногдуулсан үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг ч бас анхаарах учиртай” гэв.
 
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл, “Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ бол чухал ойлголт. Үүнийг бүх талаас нь задлан шинжилгээ хийж нарийн мэргэжлийн мэдээлэл баримтыг мэдэхгүйгээр гэрээ байгуулах нь болчимгүй зүйл. Төр үүргээ яаж биелүүлж байна, хөрөнгө оруулагч гэрээний үүргээ биелүүлж байна уу? аль аль нь гэрээний үүргээ зөрчсөн бол яах ёстой вэ? гэдгээс эхлээд зайлшгүй анхаарах ёстой зүйлс олон байдаг. Тиймээс гэрээг гардан хийж буй албан хаагчид мэдээлэл, мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Хуульд нийцсэн гэрээ байгууллаа гэхэд дараа нь хэрхэн хяналт тавих, мониторинг яаж хийх вэ гэдэг нь чухал” хэмээн онцолсон юм.
 

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдав   
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй