Шууд Chart

Орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр арилжааны банкинд шилжүүлнэ

2015-03-03 13:36:30

Орон сууцны санхүүжилтийн корпорацийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болгон өөрчлөн байгуулснаар иргэдийн орон сууцны зээл санхүүжүүлэх бус орон сууц барих, захиалах, хөтөлбөр хэрэгжүүлэх ерөнхий чиг үүрэгт шилжиж, иргэдэд орон сууцны зээл олгох, эргэн төлүүлэх чиг үүрэггүй болсон билээ. 

Засгийн газрын өнгөрөгч онд гарсан тогтоолоор “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн зээлийн багцын 65 тэрбум төгрөгтэй тэнцэх хэсгийг Төрийн банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр бүртгүүлэх, үлдэх хэсгийг арилжааны банкинд шилжүүлэхээр тогтсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.
 
Тодруулбал, “Зээлийн багц шилжүүлэх, Төрийн банкны  талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсэн 65 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн багцыг жилийн таван хувийн хүүтэй, эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 2030 он хүртэлх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр шилжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрчээ. Түүнчлэн үлдэх зээлийн багцыг жилийн таван хувиас доошгүй хүүтэй, 2030 он хүртэлх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр Засгийн газартай өр, авлагын тооцоогүй, Монголбанкны тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн нэг жилийн хугацаанд хангасан арилжааны банкинд шилжүүлэхийг зөвшөөрчээ.
 

Орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр арилжааны банкинд шилжүүлнэ  
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй