Шууд Chart

Байнгын хорооны гишүүд чуулганы завсарлагаанаар ч ажиллаж байгаа гэв

2015-03-03 13:17:07

УИХ-ын байнгын хороод өнгөрөгч намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байгаа. Энэ дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа.

Тус байнгын хороо 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 124, УИХ-ын тогтоолын төсөл 26, Байнгын хорооны тогтоол дөрөв, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 13-ыг хэлэлцсэн байна. Намрын чуулганы хугацаанд улс орны улс төрийн нөхцөл байдал амар байгаагүй. Засгийн газрын зарим гишүүн болон Ерөнхий сайдыг огцруулах асуудал удаа дараа тавигдаж байсныг Байнгын хорооны дарга А.Бакей мэдээлэлдээ дурдаад байнгын хороо Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороотойт хамтран хийж батлуулсан гэдгийг хэлсэн юм.
 
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг тус тус боловсруулах, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хяналтын тухай болон Нийтийн сонсголын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 11 ажлын хэсэг гаргаж ажилласан байна. Энэ хугацаанд байнгын хорооноос долоон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон хуулийн төслийн талаар иргэд, олон нийт, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авчээ.
 
Түүнчлэн намрын чуулганы хугацаанд байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 196 албан бичиг, зургаан өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгсний зэрэгцээ бусад байгууллагад 116 албан бичиг явуулсан байна.
 
Дээрхээс гадна чуулганы завсарлагаанаар байнгын хорооны гишүүд батлагдсан хууль, УИХ-ын шийдвэрийг иргэдэд танилцуулж сурталчлах, иргэдээс УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар санал авахаар нийслэл болон орон нутагт ажиллана гэдгийг мэдэгдлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хорооны гишүүд чуулганы завсарлагаанаар ч ажиллаж байгаа гэв   
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй