Шууд Chart

Зөвлөлтийн зүрх сэтгэл Максим Горький

2015-02-26 12:41:57

Зовлон үзсэн Орос хэлээр доод Новгородын гудамжинд нэгэн галзуу эмэгтэй үглэнэ. Хувцасны тамтаг угалж, таар шуудайгаар толгойгоо ороосон, гартаа таягны оронд горхины дэргэдээс хуурай бургас олж барьсан, хөлдөө сүрлэн шаахайны үлдэгдэл жийсэн, хэзээ ч залуу, сайхан яваагүй юм шиг түүнийг ойшоох хүн даанч үгүй. Язгууртан дээдэс сүйх тэргэндээ тухалж, залуу офицерууд  дарайтал индүүдсэн дүрэмт хувцастай яралзтал алхалж, тармуур, сэрээ мөрлөсөн жирийн тариачид хөлхөлдөнө. Мухлагаас шинэхэн талхны үнэр ханхийж, төмрийн дарханы хүнд алх, ган дөшнөө гал бутартал буух чимээ гадаа гэртгүй сонсогдоно. Махны дэлгүүрийн худалдагчид ариун цэврийг тун ч тааруу сахиж, нарийн боовчны цехийн ачигчид нуруугаа бөхийтөл гурил үүрнэ.

Тэдний дунд даруухан мужаан Максим Савватьев Пешков шинэхэн захиалгаа гүйцээх гээд тун ч завгүй, банз модыг харуулдаж, дүнз модыг засч суутал дүн өвөл дундуур уур манан савсуулж ирсэн нэгэн эр “Пешков эхнэр чинь амаржих нь. Түргэн харь” гэв. Үүнийг сонссон залуу эр хийж байсан зүйлсээ тэр чигт нь орхиод уур манан савсуулсан эрийг дагуулан ухаан жолоогүй гүйлээ. Чингээд он жилүүдийн ул мөр нэвт шингэж бууралтсан хуучин байшингийнхаа хаалгыг татвал пийшинд гал дүрэлзэж, сайхан сэтгэлт эхнэр Варвара Васильевна Каширина хариугүй амаржихад бэлэн болчихсон, хуучин төмөр орны толгойноос хавцал руу унах гэж байгаа юм шиг зүүгдэн, хамаг хүч тамираа барж, халуун хөлсөө асган байв. Агдаж тэвдсэн мужаан эр яах учраа олохгүй дэмий л нааш, цааш холхисонд гэрт байсан эмэгтэйчүүд түүнийг гадаа үүдэнд сууж байхыг хүслээ. Залуу эр довжоон дээр суугаад дүнсэн тамхиа ороох гэтэл гар нь чичрээд болсонгүй. Тайвшрах л хэрэгтэй... тайван байх хэрэгтэй... хөр их цас уул талыг хучиж, хүн зоныг зовлон зүдгүүр даржээ... гэнэт бүсгүй хүний хад цууртал дуу алдах нь сонсогдож, хүүхэд уйлах чимээ хадлаа...

Максим Пешковынх хүүтэй болсон өдөр бол 1868 оны 3 дугаар сарын 28 байсан юм.
1872 он... Орос орон доройтсоор... Романовынхны захирсан хаант засаг өөр ямар нэгэн нийгмийн тогтолцоонд халаагаа өгөх цаг хугацаа алгуурхан ойртсоор.

Дөрвөн жил өнгөрчээ. Мужаан Максим Доод Новгородын гудамжинд байрлах мухлагтаа ажиллаж, балчир хүү нь ээж, аавынхаа хайр халамжинд өсч торнино. Нөгөөх галзуу эмгэн сурсан зангаараа хүмүүс рүү хашгичсаар... Гэтэл гэнэтийн гай зовлон тохиолдлоо. Булчин задрах тахал хэмээх аймшигт өвчин их Оросыг дорой дээр нь доройтуулж, хүчийг нь сулруулан, хүн зоныг хороож эхэллээ. Доод Новгородыг ч бас энэ сүүдэр тойрсонгүй. Гудамжинд хөлхөх хүмүүсийн тоо эрс цөөрч, зэргэлдээх авсчины газрын ашиг орлого хэрээс хэтрэв. Ядуу тариачид бурхан болоочдоо чарган дээр чирч явна. Аймшигт энэ зовлонг хэрхэн гэтэлгэж, ард олноо амраан жаргаах тэнхэл хаант Оросод мөхөс байлаа.

Пешковын мужааны цехийн орлого зогсов. Аргаа барсан эр нэгэн үдэш гэртээ харьж, бяцхан хүү Максим, эхнэр Варваратайгаа халуун төмс зооглоод унтлаа. Өглөө тэр орноосоо боссонгүй. Маш өндөр хэмд халуурч, хамаг бие нь задарчих шахам өвдөн, амьсгаа нь давхцаад, нүд нь эрээлжилж, төдөлгүй ухаан санаа нь самуурчээ.  Варвара юу болсныг мэдлээ. Пешков үнэхээр булчин задрах тахал өвчний халдвар авчээ. Одоо түүнд ямар ч горьдлого байхгүй. Зүгээр л хайртай эр нөхрөө харсаар... бас уйлсаар суух эхнэр, хүү хоёр... маргааш өглөө нь бяцхан Максимын бие муудлаа.  Тэр бас өвджээ.

Пешков дахиж хэзээ ч мужааныхаа мухлагтаа эргэж ирсэнгүй. Анир чимээгүй гүн шөнөөр түүний мухлагийг тонон дээрэмдэж, алх, дөш, хөрөө, сүх, хасуурыг нь хулгайч нар аваад явжээ. Өвчтэй хүүгээ тэвэрсэн, өөрөө бас өвдсөн Варвара арга буюу эх Акулина Ивановна Каширинагийн халамжинд очлоо. Акулина зээ хүү, охин хоёроо асарч тойлон, шар нар, бор хоногийн хооронд борив бохисхийх завгүй. Мөн Акулина хашир нэгэн байсан болохоор хатаасан талх, гахайн өөх зэргийг нөөцөлж авсан байлаа. Өлсөж, цангахын зовлонгоос түр ч гэсэн хагацсан эх, үр хоёрын бие дээрдэж байтал 1878 онд Варвара ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бяцхан Максим бүтэн өнчин, өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй амьтан боллоо.

Эдлэх зовлон нь дөнгөж эхэлж байсан хүүг нэг жилийн өмнөөс цэвдэг хүйтэн сэтгэлтэй өвөө Василий Каширин нь хатуухан асрамжиндаа авч, үргэлж түүний гунигтай алаг нүдийг нулимстай байлгах болжээ. Өвгөн Василий бол зөрүүд, зожиг, ааш муутай, авир хэрцгий гэдгээрээ ус нутагтаа алдартай хийгээд түүний өмч рүү ойртох зүрхтэй орос хүн л лав байдаггүй байсан юм. 1877 онд балчир Максимыг өвөг эцэг нь Словодско Кунавинскийн шашны сургуульд орууллаа. Алексей угийн сэргэлэн цовоо болохоор христийн сургааль номлол, славян бичгийг гаргууд сурч, чөлөөтэй уншиж, бичдэг болов. Гэсэн ч өөдийн бараа харуулахгүй өвөө нь зээ хүүгээ зовоосоор... сургуулиа төгсөхдөө Максим онц сурсан тодорхойлолт, талархлын бичиг гардав. Эгэл мужааны хүүхэд гэхэд энэ том амжилт...

 

Хүчирхийлэл, дарамт, шахалт дунд тэсээгүй Максим өвөөгийнхөө гэрээс 5 дахь удаагаа орголоо. Дүнсийсэн ой модод түүнийг “нааш ир, нааш ир хүү минь” гэх авч энэ нь яг үнэндээ оргүй хоосны дуудлага байжээ. Бээрсэн гар руугаа дахин дахин үлээж, даарсан хөлөөрөө доголж явах Максим энэ удаа зорьсондоо хүрч чадах болов уу? Хүрлээ гэхэд тэр хаачих гэж яваа билээ? Цасанд дарагдсан ой модод оршуулгын газар шиг чимээгүй. Хүү явсаар төөрч, үдэш болов. Өвөө нь түүнийг хайж байгаа. Тэгээд хэрхэн яаж шийтгэх тухайгаа бодож, уртаас урт саваа модоо савчуулан өөртэйгээ хэрэлдэж яваа. Максимын тэнхэл барагдлаа. Хөр их цас түүний хөлийг тушиж, хөдөө тал нутгийн сэрүүн агаар хүүгийн биеийг хүлжээ. Тэр нэгэн хөгшин хуш налан суув. Тэгтэл тосгоны тэндээс яхир өвгөн хашгирах нь аймшигтайгаар цуурайтаж байснаа анч ноход хуцалдаж, олзондоо шунан дайрч байгаа нь сонсогдлоо.

“Арай ч дээ өвөө минь, би чинь туулай биш шүү дээ” гэж амандаа шивнээд чичирч суусан Максимын хэн ч зөөлнөөр арчихгүй нүднээс том, том нулимс бөмбөрнө. Төдөлгүй Василийн анч ноход давхилдан ирж балчир хүүг хайр найргүй ноцоод эзэндээ чирч хүргэв. Галзууртлаа уурласан Василий шархны халуун болсон  зээ хүүгээ юман чинээ бодсонгүй, “Хохь чинь” гэж хэлчихээд хөлнөөс нь чирч, саргүй шөнө рүү орлоо. Хатуу ширүүн, цэвдэг хүйтэн дунд 10 нас хүрсэн Максимыг догшин өвөг эцэг нь нэг өдөр дуудав. Түгшсэн хүү гүйж очтол “Одоо чи яв. Чи ямар миний хүзүүнд зүүгдсэн шүтээн биш. Хүмүүсийн дунд орж амьдар” гэжээ. Баяртай ч юм шиг, бас гунигтай ч юм шиг энэ үг хожмын их зохиолч, дэлхий дахины ажилчин, тариачин ангийн сод билэгт хөвүүн Максим Горькийн амьдралд том үйл явдал болсон юм.

Уранхай хувцас, хуучин гуталтай хүү өвөөгийнхөө дэргэдээс явсандаа баяртай байлаа. Гэсэн ч түүний эдлэх зовлон дуусаагүй байжээ. Аав, ээжийнхээ хайр халамжинд жаргаж байх насандаа тэр чинээлэг гутлын дэлгүүрийн эзэн Порхуновынд зарцлагдав. Хэдий хараан зүхэж, заримдаа зодож, занчих ч харгис өвөөгийнд байснаас хамаагүй дээр. Тэгтэл бас азгүй явдал боллоо. Балчир Максим нэгэн удаа гутлын шир боловсруулдаг тогоотой халуун усыг сэлбэх гэж байгаад гараа түлчихжээ. Эзэн Порхунов хэдий ашиг хонжоонд дуртай хүн байсан ч хөөрхий хүүг тэвэрсээр эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэв. Эдгэрснийхээ дараа тэр сав суулга угаагч, цэвэрлэгч, түлээчин, пийшин галлагч гээд аль дайралдсан бүхнийг нь хийж, амь зогоож байлаа. Ингэхдээ бас тор тавьж шувуу барин зах дээр зарж хэдэн рубль олно.

1884 онд 16 настай Алексей Казанын их сургуульд суралцахаар багагүй чармайсан ч талаар болжээ. Хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байлаа. Орос орон доройтсоор, ард түмэн тэр аяараа хагас өлсгөлөн байдалтай болж, Максим хэрчим талх олж идэхийн тулд бурхан болоочдын цогцсыг эцсийн замд нь үдэхийн өмнө угааж, хэдэн копек олж, үхсэн муур, нохойн сэг зэмээр дүүрсэн балгасны хонгилд жавар салхинаас нуугдана. Азтай өдөр тэр Ижил мөрөн дээр усан онгоцны ачигч болж, мод хөрөөднө. Бас тэр нарийн боовны цехэд ачаа үүрч, гурил зуурч, хоногийн 14 цагаар ажиллаад бүр ч ихээр туйлдана. Хатуугаас хатуу, хүйтнээс хүйтэн өвөл дуусах хаа байсан юм. Зовлонгийн хязгаарт хүрсэн залуу Максим Горький амьдралаас уйджээ. Одоо түүнд юу ч хэрэггүй.

1887 оны 12 дугаар сарын 12-ны өдөр... 19 настай залуу хүү Максим Горький хар зах дээрээс 3 рублиэр “Тульск хотод үйлдвэрлэв” гэсэн бичигтэй хуучин гар буу худалдаж аваад явлаа. Тэр шийджээ. Гар буу халаасандаа хийгээд алхсан түүний очих газар бол нэгээхэн бүлэг өвлийн төгөл байх хийгээд тэнд ургах залуу моддын нүцгэн мөчир дээр олон хар хэрээ гуаглах ажгуу. Яг л Пушкиныг эцсийн замд нь үдсэн хар горхи шиг...

Маргааш өглөө орон нутгийн “Волжский Вестник” сонин дээр “12 дугаар сарын 12-ны 20 цагийн орчимд Казанка голын Подлужный гудамжны ойролцоо Нижний цехийн ажилчин Максимович Горький амиа хорлохоор завдаж, цээж рүүгээ бууджээ. Үүхлүүт хэвтэх түүнийг тэр дор нь “Земский” эмнэлэгт хүргэх үед найдваргүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан ч туршлагатай мэс засалч Плюшков амийг нь аварсан байна” гэсэн бэсрэг мэдээ нийтлэгдсэн байлаа. Хэсэг хугацааны дараа Горький өмнөх шиг ээ нарийн боовны цехэд ажиллах болов. Одоо бол тэр амьдралын мөн чанарыг ойлгож, ухаарчээ. Амь нас гэдэг хичнээн үнэтэй, ядуу, зүдүү түүнд байгаа цорын ганц алт, эрдэнэс гэдгийг тэр мэдэрчээ. Ч

ингэж сэхээрсэн залуу хөвгүүн эх орноороо хөндлөн гулд хэсүүчлэхээр шийдэв. Тэр эхлээд Ижил мөрний чиргүүлт онгоцны усан цэрэг болж, дараа нь Дон мөрнөөр хөвж, Украинд очиж, Бессарабыг гаталж, Дунай мөрнийг гэтэлж, Кавказ, Баку, Крым, Керчь, Кубань, Перээр хэсч, 1891 онд Тифлист төмөр зам тавих ажилд зүтгэж, “Кавказ” сонинд “Макар Чудра” хэмээх өгүүллэгээ нийтлүүллээ. Чухамдаа Максим Горькийн амьдрал энэ  үеэс л уруудаж биш, өгсөж эхэлсэн юм. Тэр зовлон гунигт сөхөрч доройтон суухын оронд харин ч түүнийг сөрж, илүү том зүйлийн төлөө нэгэн биеэ зориулахаар бүрэн шийджээ. Тэр нь мэдээж хувьсгал байлаа. Харин Горький чухам хэзээнээс, хэрхэн яаж анхлан үзэг, цаасыг шадарлуулж үгийн хүчийг мэдэрч эхэлсэн юм бол оо. 

1901 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Санктпетрбург хотод орших Казанийн сүмийн өмнө болсон оюутны жагсаал, үймээн самууны гол бурууг Максим Горький дээр тохлоо. Тэгээд түүнийг нутаг буцах үеэр нь хааны харгис цагдаа нар барьж, нэг сарын дараа суллан, гэрийн хорионд байлгах болжээ. Горький энэ хугацаанд алдарт “Шаарлагдсан хүмүүс” жүжгээ бичиж, “Жизнь” сэтгүүлд “Салхич шувууны дуу” зохиолоо хэвлүүлж, Их салхи хөдөлбөр даруй нижигнэн хөдөлтүгэй хэмээн уриалж, “Иксра” сонинг гаргах болов. Хаант засгийн дургүйцэл дээд цэгтээ хүрч, харгис цагдаа нар 1903 оны 12 дугаар сард түүнийг үл мэдэгдэх нууц үхлээр шийтгэхээр тогтлоо...

Унасан нутаг, угаасан ус болох Новгородод олон жилийн дараа ирсэн Горький саравчтай малгайгаа базсаар амар болоочийн газар зогсоно. Ээж, аавыгаа эргэж иржээ тэр... мөнгөн хус моддын мөчир бас л нүцгэн байлаа. Үдэш нь түүнийг түр байрлаж байсан өрөөндөө суугаад бичиж, туурвиж байтал урилгагүй зочин хаалга тогшлоо. Хэрцгий алуурчин Максим Горькийг хөнөөхөөр иржээ. Дайрч орж ирсэн балмад этгээд залуу эр рүү хутга барин асч, тэд дээр, дороо орон ноцолдсонд Горькийн цээжийг урт хар чинжаал сүвлэн орох нь тэр... Алуурчин гарч зугтлаа... Горький цээжээ тэмтэрч үзтэл хожмын суут хүмүүнийг тэгэхэд тамхины өчүүхэн төмөр хайрцаг нь аварсан байв. Энэ үйл явдал бол хувьсгал эхлэх цаг нь ирсэн, түүнийг оюун санаагаар удирдах болсон гэдгийн гэрч нотолгоо байсныг Максим мэдэрсэн юм. Тиймдээ ч тэр хаант засгийн өмнөөс эрслэн босч ирэв.

Удаа дараалан шоронд орж, тэр бүү хэл, хамгийн хатуу, ширүүн дэглэмтэй Петропавловскийн цайзад хоригдсон Максим Горький 1905 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Петербург хотноо дэлхий дахины Пролетарийн их багш гэгдэх Владимир Ильич Ленинтэй уулзаж, тэд дотно нөхөрлөсөн юм. Ленин Горькийн зохиолуудыг өндрөөр үнэлж “Максим Горький бол Пролетарийн соёл урлагийн төлөө ихийг хийсэн хүн, цаашдаа ч ихийг хийж чадах хүн” гэж үзэв.

Язгууртнууд Горькийг нэн даруй баривчилж өчиггүй устгах тушаалыг өгсөн болохоор Максим 1906 онд Европын холбоогоор дамжиж, холын Америк хүрчээ. Түүний энэхүү аялал бол Оросын хаант засгийг унагах, коммунизмыг бүтээхэд хөрөнгө мөнгө олж ирэх амаргүй даалгавартай албан томилолт байсан байна. Горький харин ердөө 10 гаруйхан мянган доллартай эргэж ирсэн байдаг. Гэхдээ энэ бол тухайн цаг үед багагүй мөнгө байв. Ажилчин, тариачны үр хүүхдүүд зорьсондоо хүрч, хаант засгийг халаад, Орос орны хувь заяа эргэв. Горький зовлонт амьдралдаа цэг тавилаа. Коммунизм олон олон суутнуудыг тарчлааж, заримыг нь үг дуугүй хороосон ч Максим Горький удаан амьдарсан юм. Нөхөр Лениний дараа гүрж Сталин ч түүнтэй харилцаа холбоо сайтай байсан. Тэгэвч энэ эрхэм зохиолчийн амьдралын эцсийн мөч эргэлзээтэй. Зарим судлаач Максим Горький социалист нийгэмд хэрэггүй болсон тул хорлогдсон гэх нь ч бий...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Зөвлөлтийн зүрх сэтгэл Максим Горький   
Үзсэн: 4960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй